ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын хорооны 19 дүгээр чуулган 2024 оны арванхоёрдугаар сарын 2-7-нд Бүгд Найрамдах Парагвай Улсын Асунсион хотноо болсон билээ. Тус чуулганы 5-ны өдөр Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Монгол нүүдлийн зан үйл” өвийг хэлэлцэж, гишүүдийн 100 хувийн саналаар Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад бүртгэхээр шийдвэрлэв.
Ингэснээр “Монгол нүүдлийн зан үйл” өв нь манай улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн 16 дахь өв болж байна.
Энэхүү өв нь олон мянганы турш байгаль, цаг уур, ахуй амьдралын онцлог, мал сүргийн бүтэцтэйгээ уялдан хөгжиж ирсэн бөгөөд хүн төрөлхтний оршихуй, хүрээлэн буй орчны тогтвортой байдал, хүнсний аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн эв нэгдэл, хүртээмжтэй эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг олон улсын түвшинд өндрөөр үнэлжээ.
“Монгол нүүдлийн зан үйл” нь:
- Нүүдэллэх нутаг, бэлчээр сонгох
- Нүүх өдөр судар үзэж тогтоох
- Нүүдлийн ачааллыг бэлтгэх
- Бууц, сууриа цэвэрлэх
- Шинэ буусан газрыг аргадах
- Мал сүргийн бүтэц, бэлчээрийн нөөц, зэрлэг амьтан, ургамлын тархацтай уялдуулан мал хариулах
- Байгаль дэлхийгээ хамгаалах
гэсэн уламжлалт мэдлэг, зан үйлүүдийг багтаасан цогц тогтолцоо юм.
Өнөөдөр ч уламжлалт нүүдэл хэвээр хадгалагдаж байгаа бөгөөд Алтайн өндөр ууланд тэмээгээр, Хангайн бүсэд сарлагаар, говьд тэмээгээр, хээр талд тэмээ болон хөсгөөр, тайгад цаа бугаар нүүдэллэсээр байна.
Ийнхүү Монголын нүүдэлчдийн өв соёлын үнэ цэнэ дахин баталгаажиж, дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөв.