Ойрх Дорнодод цэргийн мөргөлдөөн, геополитикийн нөхцөл хурцдаж буйтай холбоотойгоор Монгол Улс иргэдээ татан авах зохион байгуулалтын төлөвлөгөөг шинэчилсэн байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр Израиль дахь иргэдээс эх орондоо буцах хүсэлт ирвэл Тель-Авив хотоос Таба боомтоор дамжуулан Египетийн хилээр нэвтрүүлж, цааш татан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах маршрутыг боловсруулжээ. Энэ чиглэлийг өмнө нь ашиглаж байсан бөгөөд аюулгүй байдлын нөхцөлтэй уялдуулан эцсийн шийдвэрийг гаргана гэж мэдээлсэн байна.
Албаны тооцоогоор Ойрх Дорнодын бүс нутагт Монгол Улсын нийт 281 иргэн оршин суудаг. Үүнээс 80 нь АНЭУ-д, 45 нь Египетэд, 40 орчим нь Израильд, 38 нь Кувейтэд, 33 нь Бахрейнд, 23 нь Саудын Арабт, 19 нь Катарт амьдарч байна. Мөн Оманд хоёр, Йорданд нэг иргэн байгаа аж. Израильд амьдарч буй 40 орчим иргэн нь ихэвчлэн тухайн улсын иргэнтэй гэр бүл болсон, иргэншил авсан хүмүүс бөгөөд одоогоор эх орондоо буцах хүсэлт гаргаагүй гэжээ.
Засгийн газар өмнө нь бүс нутгийн нөхцөл байдал хүндрэх үед иргэдээ үе шаттай татан авч байсан туршлагатай. Тухайлбал 2023 оны аравдугаар сард 17 иргэнийг эх оронд авчирч байсан байна.
Гадаад харилцааны яамнаас бүс нутагт байгаа иргэдэд тухайн улсын эрх бүхий байгууллагын заавар, анхааруулгыг чанд мөрдөх, дипломат төлөөлөгчийн газартай тогтмол холбоотой байхыг сануулжээ. Мөн нөхцөл байдал хэрхэн өрнөхөөс шалтгаалан татан авах ажиллагааг богино хугацаанд эхлүүлэх бэлтгэл хангагдсан гэж мэдээлсэн байна.





