Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүг хүлээн авч уулзлаа.
Ерөнхийлөгч энэ удаагийн айлчлалыг Монгол, Японы “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл” өндөр түвшинд хөгжиж буйн тод илэрхийлэл хэмээн үнэлсэн байна.
Япон Улсыг Монголын чухал “гуравдагч хөрш” гэдгийг онцлов
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “гуравдагч хөрш” Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг гэдгийг онцолжээ.
Мөн Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийж, Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцсон нь хоёр улсын харилцааны түүхэнд онцгой үйл явдал болсон гэж тэмдэглэсэн байна.
Тэрээр Эзэн Хаан, Хатан нарт чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж буйгаа уламжлахыг хүсжээ.
Японы олон жилийн тусламж, дэмжлэгт талархал илэрхийллээ
Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжиж, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгмийг бэхжүүлэх, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах үйл явцад Япон Улс үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг Ерөнхийлөгч онцолсон байна.
Японы үе үеийн Засгийн газар, ард түмний үзүүлсэн тусламж, дэмжлэгийг Монгол Улсын төр, засаг, ард түмэн үргэлж өндөрөөр үнэлж, талархаж байдгийг мөн тэмдэглэжээ.
Цахим засаглал, эрчим хүч, ашигт малтмалын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Цаашид хоёр улсын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд хөгжүүлэх сонирхолтой байгаагаа талууд илэрхийлсэн байна.
Ялангуяа цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, чухал ашигт малтмал, гарааны бизнес, боловсрол, соёл, аялал жуулчлалын салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг нэмэгдүүлэх боломжтойг онцолжээ.
Үүний зэрэгцээ хоёр улсын ард түмний найрамдал, нөхөрлөлийг улам бэхжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлсэн байна.
COP17-д оролцсон Японы төлөөлөгчдөд талархав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-д Японы төлөөлөгчид оролцсонд талархал илэрхийлжээ.
Мөн ирэх сард Улаанбаатар хотод зохион байгуулагдах “Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”-д Японы гишүүд оролцоно гэдэгт итгэж буйгаа хэлсэн байна.
Японы тал Монгол Улс COP17 бага хурлыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Япон Улс идэвхтэй оролцож байгааг онцолжээ.
“Чингис хаан” нисэх буудлыг өргөтгөх тохиролцоог сайшаалаа
Монгол, Японы хамтын ажиллагааны нэгэн бэлгэ тэмдэг болсон “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр өргөтгөхөөр зарчмын хувьд тохиролцсоныг талууд сайшаасан байна.
Энэ нь хоёр улсын эдийн засаг, дэд бүтцийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх томоохон төсөл болох төлөвтэй байна.
Мотэги Тошимицү хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхээ илэрхийлэв
Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн “Үйл ажиллагааны 2022-2031 оны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, хоёр улсын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа нотолжээ.
Тэрээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2022 онд Япон Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр “Стратегийн түншлэл”-ийн харилцааг шат ахиулж, “хүн төвтэй” “Тусгай стратегийн түншлэл”-ийн зарчимд тулгуурлан хөгжүүлэхээр тохиролцсон нь өнөөгийн хамтын ажиллагаа өргөжихөд чухал түлхэц болж байгааг тэмдэглэсэн байна.
Монгол, Япон 1972 онд дипломат харилцаа тогтоожээ
Япон Улсын Гадаад хэргийн сайд нар Монгол Улсад өмнө нь хэд хэдэн удаа айлчилж байсан түүхтэй. Тухайлбал С.Уно 1989 онд, Ё.Кавагүчи 2004 онд, К.Окада 2010 онд, Т.Коно 2019 онд, Т.Мотэги 2020 онд, Ё.Хаяши 2022 онд Монгол Улсад айлчилж байжээ.
Монгол Улс, Япон Улс 1972 оны хоёрдугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон гэж Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэв.