Монгол Улсын нутаг дэвсгэрийн 103 мянга орчим ам км талбайд 1,200 орчим цоохор ирвэс амьдарч байгаа талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам мэдээлжээ.
Аравдугаар сарын 23-нд “Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр” тохиож байна. Төв Азийн цоохор ирвэстэй 12 улс 2014 онд Бишкек хотод болсон олон улсын форумаар энэ өдрийг цоохор ирвэсийг хамгаалахад зориулан тэмдэглэхээр тунхагласан юм.
Цоохор ирвэс Афганистан, Пакистан, Энэтхэг, Балба, Хятад, Монгол, Бутан, Орос, Тажикистан, Киргизстан, Узбекистан, Казахстан зэрэг 12 улсын өндөр уулын бүсэд тархан амьдардаг.
Тухайлбал Алтай, Тянь Шань, Памир, Хиндукуш, Хархорум, Гималайн томоохон уулсын нийт 1.6 сая ам км орчим нутагт 4,500-7,500 цоохор ирвэс байдаг гэсэн тооцоо бий.
Монгол Улс ийнхүү дэлхийн цоохор ирвэсийн чухал амьдрах орнуудын нэг бөгөөд тус амьтны амьдрах орчин, тоо толгойг хамгаалах асуудал байгаль хамгааллын чухал чиглэл хэвээр байна.