Монголын цэргийн баг Хаитид үүргээ эхлүүллээ: “Вертиерес” баазын аюулгүй байдлыг хариуцна

Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг Бүгд Найрамдах Хаити Улсад хэрэгжиж буй “Гэмт бүлэглэлтэй тэмцэх хүчин” ажиллагаанд албан ёсоор үүргээ гүйцэтгэж эхэлжээ.

Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээлснээр, Монголын цэргийн баг ажиллагааны өмнөх бататгах сургалт болон шалгалтад амжилттай хамрагдсан байна. Үүний дараа цэргийн хүчний командлагчийн тушаалын дагуу “Вертиерес” баазын аюулгүй байдлыг хангах үндсэн үүргийг Чад Улсын цэргийн багаас хүлээн авч, томилгоот үүргээ хэрэгжүүлж эхэлсэн байна.

Ажиллагааны өмнөх сургалт, бэлтгэлийг бүрэн хангав

Бататгах сургалтын үеэр Монголын цэргийн алба хаагчдад ажиллагааны мандат, цэргийн хүчний бүтэц, зохион байгуулалт, тухайн бүс нутгийн ажиллагааны нөхцөл байдал зэрэг үндсэн чиглэлээр нэгдсэн мэдээлэл өгчээ.

Түүнчлэн НҮБ-ын хүч хэрэглэх дүрэм, хүний эрхийг хамгаалах зарчим, энгийн иргэдийг зэвсэгт халдлагаас хамгаалах ажиллагаа болон үүрэг гүйцэтгэх үеийн харилцан ажиллагааны талаар нарийвчилсан сургалтад хамруулсан байна.

Үүнээс гадна Монголын цэргийн баг бусад улсын цэргийн нэгжүүдтэй хэрхэн хамтран ажиллах, ажлын уялдаа холбоог хэрхэн хангах асуудлыг тодорхой болгожээ. Мөн баазын аюулгүй байдлыг хамгаалах ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан, үүрэг гүйцэтгэх бэлтгэлээ бүрэн хангаад байгаа аж.

Олон улсын хүчний командлагчаар Монгол генерал ажиллаж байна

Хаити Улсад хэрэгжиж буй НҮБ-ын мандат бүхий гэмт хэргийн бүлэглэлтэй тэмцэх олон улсын цэргийн ажиллагааны Цэргийн хүчний командлагчаар Монгол Улсын Зэвсэгт хүчний хошууч генерал Б.Эрдэнэбат томилогдон ажиллаж байна.

Тэрбээр өмнө нь 2024-2025 онд НҮБ-ын Кипр дэх энхийг сахиулах ажиллагааны хүчний командлагчаар ажиллаж байжээ.

Мөн Б.Эрдэнэбат 2013-2014 онд Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэсэн 850 хүний бүрэлдэхүүнтэй Монгол Улсын батальоныг удирдаж байсан туршлагатай.

Түүнчлэн тэрээр Ирак, Либери, Судан, Өмнөд Судан, Сьерра Леон зэрэг улсад нийт найман удаагийн энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байжээ.

Хүчний штаб тавдугаар сараас ажиллагааны бэлтгэлд ажиллав

Энэ оны тавдугаар сараас үүрэгт ажилдаа орсон ажиллагааны хүчний штабын бүрэлдэхүүн эхний ээлжид ажиллагааны төлөвлөлт, стратегийн үнэлгээ хийх чиглэлээр ажилласан байна.

Үүний зэрэгцээ олон улсын цэргийн багуудыг хүлээн авах бэлтгэлийг хангах, ажиллагааны бүс дэх зохион байгуулалтыг уялдуулах, цэргийн тусгай ажиллагааг удирдан зохион байгуулах зэрэг үндсэн ажлуудыг хэрэгжүүлжээ.

Харин Хаити дахь ажиллагаанд оролцох Монгол Улсын цэргийн баг үндсэн бүрэлдэхүүнээрээ өнгөрсөн наймдугаар сард ажиллагааны газар оронд хүрэлцэн очсон байна.

Ийнхүү шаардлагатай сургалт, шалгалт болон бэлтгэл ажлуудаа дуусгасны дараа Монголын цэргийн баг “Вертиерес” баазын аюулгүй байдлыг хангах үндсэн үүргээ албан ёсоор хэрэгжүүлж эхэллээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу