БНСУ-ын Улсан хотод үргэлжилж буй уламжлалт байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын харваачид амжилттай оролцож, хоёр мөнгөн медаль хүртжээ.
Энэ удаагийн ДАШТ-д 38 орны 700 гаруй тамирчин оролцож, 30, 70, 90 болон 145 метрийн зайд дэлхийн аваргуудаа тодруулж байна.
Л.Отгонбаяр 90 метрт мөнгөн медаль хүртэв
90 метрийн зайн харваанд Монгол Улсын даяар дуурсах мэргэн Л.Отгонбаяр өндөр амжилт үзүүлж, дэлхийн аваргын мөнгөн медалийн эзэн болжээ.
Харин 70 метрийн финалд Б.Ганзориг Малайзын харваач Бин Харунтай өрсөлдөж, мөн мөнгөн медаль хүртсэн байна.
Ингэснээр Монголын баг ганцаарчилсан төрлөөс хоёр мөнгөн медальтай болоод байна.
Б.Ганзориг “Гранпри” шагналын болзол хангалаа
Тэмцээний бүх зайн нийлбэр дүнгээр шилдэг харваачдын чансааг мөн гаргажээ.
2026 оны Дэлхийн нүүдэлчин наадам болон Азийн аварга шалгаруулах тэмцээний аварга, ОУХМ Б.Ганзориг нийт дүнгээр шилдгийн шилдэг тамирчнаар шалгарч, “Гранпри” шагналын болзол хангасан байна.
Монголын бусад харваачдын хувьд:
- Б.Даваасүрэн, Б.Отгонхүү, Л.Отгонбаяр нар дэлхийн чансааны эхний 10-т;
- Я.Барамсай, С.Ариунбат, Б.Наранбаяр нар эхний 50-д багтжээ.
Ийнхүү Монголын хэд хэдэн тамирчин дэлхийн шилдэг уламжлалт байт харваачдын чансаанд өндөр байр эзэлсэн байна.
Улсан хотод болж буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байгаа бөгөөд дараагийн шатанд багийн харвааны төрөл явагдана.