Жүдо бөхийн дэлхийн цувралын томоохон тэмцээн болох Бакугийн их дуулга энэ сарын 14-16-ны хооронд Азербайжаны нийслэл Баку хотод зохион байгуулагдах гэж байна. Уг тэмцээнийг Олон Улсын Жүдогийн Холбоо (IJF) уламжлал ёсоор зохион байгуулж байгаа бөгөөд 2025 оны хоёр дахь томоохон тэмцээн гэдгээрээ онцлогтой.
Энэ удаагийн их дуулгад нийт 38 орны 275 тамирчин оролцохоор албан ёсоор бүртгүүлжээ. Монгол Улсаас таван жүдоч уг тэмцээнд барилдахаар болсон байна.
Монголын багийн бүрэлдэхүүн дараах байдалтай байна:
– Эрэгтэй -60 кг жинд Мөнхжаргалын Тэргэлсар
– Эрэгтэй -60 кг жинд Нямсүрэнгийн Мэндсайхан
– Эрэгтэй -66 кг жинд Бадамрагчаагийн Нямренчин
– Эрэгтэй -66 кг жинд Алтанхүүгийн Азбаатар
– Эмэгтэй -52 кг жинд Баянмөнхийн Уранзаяа
2025 оны эхний том тэмцээн болох Парисын их дуулга сарын эхэнд болж, Монголын 12 жүдоч хүч сорин барилдсан ч шагналт байрт шалгарч чадаагүй юм. Тус тэмцээнд Б.Нямренчин, Н.Мэндсайхан, Б.Уранзаяа нар мөн оролцож байв.
Энэ удаагийн Бакугийн их дуулга нь жүдочдын хувьд амжилтаа ахиулах, олимпын эрхийн оноо цуглуулах чухал боломж байх болно.