Монгол Улсад энэ он гарсаар ой, хээрийн түймрийн 172 тохиолдол бүртгэгдэж, холбогдох байгууллагууд унтраах ажиллагаа зохион байгуулжээ. Үүнээс хамгийн олон буюу 61 түймэр Дорнод аймагт гарсан байна.
Сүүлийн өдрүүдэд Дорнод аймгийн Халхгол болон Матад сумын нутагт гарсан хээрийн түймрүүдийг цурамд оруулжээ. Гал унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллага, Хил хамгаалах байгууллага, орон нутгийн мэргэжлийн ангиуд болон БНХАУ-ын талаас нийт 215 хүн, 38 автомашинтай оролцсон байна.
Өвөр Монголд 2000 гал сөнөөгч бэлэн байна
Хээрийн түймэр Монголын нутгаас Хятадын хил даван тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Өвөр Монголын хилийн бүсэд нэмэлт хүч бэлэн байдалд оржээ.
ECNS агентлагийн мэдээлснээр одоогоор БНХАУ-ын 2000 орчим гал сөнөөгч Монголтой хил залгаа бүс нутагт бэлэн байдалд ажиллаж байгаа аж.
Ингэснээр хил орчмын түймрийн нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд шуурхай арга хэмжээ авч, гал хил даван тархахаас сэргийлэх боломжтой болох юм.
Монголын зүүн бүсэд түймрийн тоо өндөр хэвээр байгаа тул хил орчмын бүс нутгуудад хяналт, бэлэн байдлыг чангатгаж байна.