Н.Учрал, С.Е.Цивилёв нар тохиролцлоо: Монголын шатахууны нийлүүлэлтийг тасалдуулахгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын үеэр тус улсын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёвтэй 2026 оны есдүгээр сарын 3-нд уулзаж, Монголын түлш, шатахууны хангамжийг тогтвортой байлгах асуудлаар ярилцжээ.

Уулзалтаар нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтээс гадна Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах, цэвэр эрчим хүчний эх үүсвэр нэвтрүүлэх, “ДЦС-3”-ын өргөтгөл, байгалийн хий дамжуулах хоолойн төсөл зэрэг хамтын ажиллагааны томоохон асуудлуудыг хөндсөн байна.

ОХУ Монголын шатахууны нийлүүлэлтийг тогтвортой хадгална

ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдлаас шалтгаалан дэлхийн түлш, шатахууны зах зээлд тодорхойгүй байдал нэмэгдэж байгааг онцолжээ.

ОХУ-ын Засгийн газар энэ оны дөрөвдүгээр сард нефтийн бүтээгдэхүүнийг гадаад улс руу экспортлоход хязгаарлалт тогтоосон ч Монгол, Оросын найрсаг харилцаа болон хоёр улсын хоорондын эрх зүйн тохиролцооны хүрээнд Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний хангамжийг хэвийн үргэлжлүүлэхэд онцгой анхаарч ирсэн байна.

Тэрбээр Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж байгаагаа дурдаж, цаашид ч Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Монголын нефтийн бүтээгдэхүүний хэрэгцээг найдвартай, тасралтгүй хангах, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хадгалахад ач холбогдол өгнө гэдгээ илэрхийлжээ.

Агаарын бохирдлыг бууруулах хамтарсан ажлын хэсэг байгуулах санал гаргав

С.Е.Цивилёв мөн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах болон цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг нэвтрүүлэх боломжийг судлах хамтарсан ажлын хэсэг байгуулах санал тавьсан байна.

Энэ хүрээнд хоёр улсын эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг зөвхөн түлш, шатахууны нийлүүлэлтээр хязгаарлахгүй, урт хугацаанд илүү өргөн хүрээнд хөгжүүлэх боломжийг судлахаар болжээ.

Rosneft, Gazprom нийлүүлэлтээ үргэлжлүүлэхээ илэрхийлэв

Rosneft болон Gazprom НХН-ийн удирдлагууд ОХУ-ын Засгийн газрын шийдвэрийн дагуу Монгол Улсад түлш, шатахууныг тогтвортой нийлүүлсээр байх байр сууриа Ерөнхий сайд Н.Учралд илэрхийлсэн байна.

Ерөнхий сайд Н.Учрал геополитикийн нөхцөл байдал төвөгтэй байгаа энэ үед Монгол Улсын эдийн засаг болон эрчим хүчний аюулгүй байдалд газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой нийлүүлэлт онцгой ач холбогдолтойг тэмдэглэжээ.

Тэрээр хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тасалдуулахгүй хадгалж ирсэн Оросын талд талархал илэрхийлсэн байна.

Шатахууны нийлүүлэлтийн эрсдэлийг урт хугацаанд бууруулна

Талууд Монгол Улсын шатахууны хангамжийг урт хугацаанд тогтвортой байлгах, нийлүүлэлтэд үүсэж болзошгүй эрсдэлийг багасгах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцжээ.

Мөн цаашид ашиглаж болох хамтын ажиллагааны шинэ механизм, хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээнүүдийг судлан ажиллахаар ярилцсан байна.

“ДЦС-3”-ын өргөтгөлийн гэрээг ойрын хугацаанд эцэслэнэ

Уулзалтаар “ДЦС-3”-ын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр хүчин төгөлдөр болсныг мөн онцолжээ.

Төслийн хэрэгжилтийг түргэтгэхийн тулд “ДЦС-3” ТӨХК болон “Интер РАО Экспорт” компанийн хооронд байгуулах зураг төслийн гэрээний нөхцөл, өртөг болон төлбөр тооцооны асуудлыг ойрын хугацаанд эцэслэн тохирох нь чухал гэдэгт талууд санал нэгдсэн байна.

Байгалийн хий дамжуулах хоолойн төслийг урагшлуулах хүсэлт тавив

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх байгалийн хий дамжуулах хоолойн төслийг стратегийн ач холбогдолтой гэж үзэн дэмжиж ирснээ дахин тэмдэглэжээ.

Тэрээр төслийн дараагийн шатны гэрээ, хэлэлцээг эрчимжүүлэх, бодит хэрэгжилт рүү шилжих нөхцөлийг бүрдүүлэхэд Оросын талын дэмжлэгийг цаашид үргэлжлүүлэн авах хүсэлтээ илэрхийлсэн байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу