Нийслэлд шахмал түлшний нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч үүнийг далимдуулан чанарын бүтээгдэхүүнийг хэд дахин нугалж дамлан борлуулах, иргэдийг хууран мэхлэх, зохиомол хомсдол үүсгэх үйлдлүүд гарсаар байна.
Дамлан борлуулалт, зохиомол хомсдол
Одоогоор нийслэлд шахмал түлшийг 400 албан ёсны цэгээр худалдаалж байгаа бөгөөд нэг шуудай түлшний үнэ 3750 төгрөг байна. Гэсэн хэдий ч зарим иргэн, бүлэг этгээд уг түлшийг 10-20 мянган төгрөгөөр дамлан зарж, ашиг олох оролдлого хийж байна.
Олон нийтийн сүлжээнд дараах гомдол, мэдээллүүд хөвөрч байна.
“10 шуудай түлшийг 90 мянгаар зарж байна, нэг шуудай нь 9000 төгрөг.”
“Шинэ түлшийг 7000, хуучныг нь 5000 төгрөгөөр зарна гэнэ.”
“Нэг шуудайг 20 мянгаар зарна гэж байна, 3750 төгрөгийн түлшийг ингэж нугалж болох уу?”
Хуулийн байгууллагын шалгалт
Шахмал түлшийг нөөцөлж, өндөр үнээр борлуулах, иргэдийг төөрөгдүүлэх, хиймэл хомсдол үүсгэх зэрэг зөрчил гаргасан этгээдүүдийг хууль, хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн байна.
Энэ нь нийслэлийн иргэдийн өвөлжилтийн бэлтгэлд хүндрэл учруулж болзошгүй тул холбогдох албаныхан хяналт шалгалтыг эрчимжүүлж байгаа аж.





