“Physical Asia” Монголд үргэлжлэх төслийн эхний дохио постероор ирлээ
Дэлхийн үзэгчдийг байлдан дагуулсан “Physical Asia” шоу Монгол Улсад үргэлжлэхээр болсон. Энэ удаад Нэтфликс компанийн солонгос хэл дээрх сошиал хуудас өнөөдөр “Physical: Welcome to Mongolia” шоуны анхны зурагт хуудсыг олон нийтэд нийтэлснээр шинэ цувралын талаарх хүлээлт дахин нэмэгдэв. https://x.com/NetflixKR/status/2001466707563721108
Цасанд хучсан хөдөөд үндэсний хувцастай оролцогчдыг онцолжээ
Нийтлэгдсэн зурагт хуудсанд цасанд хучигдсан Монголын хөдөө нутгийг гол дэвсгэр болгон сонгож, тус шоуны Монгол, Солонгос, Австрали оролцогчдыг монгол үндэсний хувцастайгаар дүрсэлсэн байна. Ингэснээр тус нэвтрүүлэг Монголын орчин, уур амьсгал, аяллын өнгө аясыг илүү тод харуулах дохио болжээ.
Нээлтийн тов ба ангиудын хуваарь: 12 сарын 24, 31-нд цацагдана
Нэтфликсийн тайлбарт нь “Бид шагналын мөнгөөрөө заавал Монгол руу аялах болно. Энэ амлалт хэрэгжсэн. Physical Asia шоуны ододтой хамт Монголд аялсан Physical: Welcome to Mongolia” шоуны нээлт Өмнөд Солонгост арванхоёрдугаар сарын 24-нд, олон улсад нэгдүгээр сарын нэгэнд болно. Зөвхөн Нэтфликс дээр” гэж бичжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр уг шоу нийт дөрвөн ангитай бөгөөд нэг, хоёрдугаар анги нь арванхоёрдугаар сарын 24-ний өдөр, гурав, дөрөвдүгээр анги нь 31-ний өдөр цацагдахаар төлөвлөгджээ.





