-21.9 C
Ulaanbaatar
Даваа, 3 сар 2, 2026

Нийслэлд умайн хүзүүний хорт хавдрын эсрэг нэгдсэн аян эхэллээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Вакцинжуулалт, эрт илрүүлгийг нэг дор эхлүүлэв

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх вакцинжуулалт, эрт илрүүлгийн нэгдсэн кампанит ажлыг албан ёсоор эхлүүлжээ. Кампанит ажлын нээлтэд нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил, агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин ажилласан байна.

“Өвдсөний дараа биш, өвдөхөөс нь өмнө” гэсэн бодлого руу шилжинэ

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Монгол Улсад хорт хавдрын өвчлөл ноцтой түвшинд байна. Нэгдүгээрт элэгний хорт хавдар, хоёрдугаарт ходоодны хорт хавдар, гуравдугаарт умайн хүзүүний хорт хавдар орж байна. Бид өвдсөний дараа эмчлэх бус өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх бодлого руу илүү анхаарах ёстой. Эмнэлгийн өргөтгөл барих, орны тоо нэмэхээс илүүтэй иргэдийг зөв хооллолтод уриалах, вакцинжуулалт, эрт илрүүлгийг бодитоор дэмжих шаардлагатай. Улсын хэмжээнд 2024 онд 8162, 2025 онд 8016 хорт хавдрын тохиолдол бүртгэгдсэн нь өвчлөл буурахгүй байгааг харуулж байна. Өдөрт дунджаар 20 иргэн хорт хавдрын онош сонсож буй юм. Нийт хүн амын 55 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байгааг тооцвол нийслэлд өдөрт 12-13 хүн хорт хавдрын онош сонсож байна гэсэн үг. Нийслэлийн зүгээс НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ходоод, хоол боловсруулах эрхтний хавдраас урьдчилан сэргийлэх төсөл, хөтөлбөр боловсруулж, ирэх дөрөвдүгээр сараас хеликобактерийн халдвартай тэмцэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Мөн умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч хүний папилома вирус (HPV)-ийн вакцинд 11 настай охид, хөвгүүдийг хамруулах ажлыг эрчимжүүлж байна. Өмнөх жилүүдэд зорилтот бүлгийн хүүхдүүдийг бүрэн хамруулж чадаагүй. Тухайлбал, 2024 онд 40 мянган хүүхэд хамруулахаар төлөвлөсөн ч 8000 хүүхэд вакцинд хамрагдсан бол 2025 онд 19 мянган хүүхэд хамрагдсан. Энэ нь төлөвлөсөн тооны 50 хувьд ч хүрэхгүй үзүүлэлт. Иймд 2026 онд вакцинжуулалтыг өргөн хүрээний мэдээлэл, нөлөөллийн кампанит ажил болгон зохион байгуулж, зорилтот бүлгийнхээ хамгийн багадаа 90 хувийг хамруулах зорилт дэвшүүлж байна. Нийслэлийн хэмжээнд уг кампанит ажлыг сургууль, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн дунд шат дараатай зохион байгуулж, хавдрын өвчлөлийг бууруулах урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэхээр ажиллана” гэжээ.

Хамрагдалт бага, зорилт өндөр: 2026 онд 90 хувьд хүргэнэ

Албаныхны мэдээллээр Монгол Улсын 1.6 сая хүн амын 864 мянга нь эмэгтэйчүүд боловч нийт эмэгтэйчүүдийн 124 мянга нь л эрт илрүүлэгт хамрагдсан нь 20 хувьд ч хүрэхгүй үзүүлэлт байна. Тиймээс умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдах, эрт илрүүлэгт тогтмол оролцох хэрэгтэйг сануулжээ. Мөн HPV-ийн вакцины бодит үр дүн богино хугацаанд бус 10–15 жилийн дараа илүү тод харагддаг тул эмэгтэйчүүдийг эрт илрүүлэгт тогтмол хамрагдах, эцэг эхчүүдийг 11 настай охид, хөвгүүдээ HPV-ийн вакцинд хамруулахыг уриалсан байна. Вакцин болон эрт илрүүлэгт дүүргийн эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлгүүдээр дамжуулан хамрагдах боломжтой гэж мэдээллээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу