Нийслэлийн хэмжээнд 2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Үүнтэй холбоотойгоор өнөөдөр нийслэлийн Засаг даргын захирамжаар баталсан Цэрэг татлагын товчооны нэгдсэн зөвлөгөөн болжээ.
Зөвлөгөөнд Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, холбогдох ажлын хэсгийн гишүүд болон дүүргүүдийн цэрэг татлагын товчооны удирдлагууд оролцсон байна.
Нэгдсэн зөвлөгөөнийг нийслэлийн Цэрэг татлагын товчооны дарга Ү.Ганболд удирдаж, гишүүдийн санал хүсэлтийг сонсон, зохион байгуулалттай холбоотой асуудлуудыг хэлэлцэж, холбогдох газар, хэлтсийн удирдлагуудад үүрэг чиглэл өгчээ.
Есөн дүүргийн цэрэг татлагын байршил
2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг нийслэлийн есөн дүүрэгт дараах газруудад зохион байгуулна.
- Баянгол дүүрэг — 96 дугаар сургууль
- Баянзүрх дүүрэг — 14 дүгээр сургууль
- Сүхбаатар дүүрэг — 3 дугаар сургууль
- Сонгинохайрхан дүүрэг — 83 дугаар сургууль
- Чингэлтэй дүүрэг — 23 дугаар сургууль
- Хан-Уул дүүрэг — 34 дүгээр сургууль
- Налайх дүүрэг — “Эрдмийн оргил” сургууль
- Багануур дүүрэг — Хүний хөгжлийн ордон
- Багахангай дүүрэг — 91 дүгээр сургууль
Цэрэг татлагад ямар бичиг баримттай очих вэ
Цэрэг татлагад хамрагдах иргэд дараах бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай.
- Иргэний үнэмлэх
- Цэргийн үүрэгтний үнэмлэх
- Цээж зураг
- Их, дээд сургууль төгссөн диплом
- Мэргэжлийн үнэмлэх
- Сертификат
Иймд цэрэг татлагад хамрагдах иргэд өөрийн харьяа дүүргийн байршил болон шаардлагатай бичиг баримтаа урьдчилан нягталж, товлосон өдрүүдэд очих шаардлагатай байна.