Хэргийг шүүхэд шилжүүлсэн байдал
“Ноорог” медиа агентлагийн гүйцэтгэх захирал О.Уламсайханд холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны арванхоёрдугаар сарын 26-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.
Прокурорын байгууллагаас түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн” гэх зүйл ангиар яллагдагчаар татсан бөгөөд одоогоор урьдчилсан хэлэлцүүлгийн өдөр, цагийг шүүхээс тогтоогоогүй байна.
Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлийн заалт
Хэргийг уг зүйл ангиар шалгаж буйтай холбогдуулан Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлд дараах байдлаар заасан байдаг.
Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйл. Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх
- Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Ингэснээр мөрдөн шалгах байгууллага нас баралт нь тодорхой хугацаанд үргэлжилсэн дарамт, хүчирхийлэл, айлган сүрдүүлэлттэй шууд холбоотой байсан эсэхийг тогтоох шаардлагатай болж байна.
Хэргийг анх бүртгэж, шалгаж эхэлсэн нөхцөл байдал
Хэрэг үүсэх шалтгаантай холбоотой мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд асан О.Алтангэрэл 2025 оны гуравдугаар сард олон нийтэд танилцуулж байв. Тухайн үедээ тэрээр дараах мэдээллийг өгсөн.
“Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны есдүгээр сарын 6-нд “Гэртээ боомилж нас барсан байдалтай эмэгтэй байна” гэдэг дуудлага ирүүлснийг хүлээн авч Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс 2024 оны есдүгээр сарын 24-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогчийн хамтран амьдрагчид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шалгаж байгаа” хэмээн мэдээлж байв.
Ийнхүү урьдчилсан мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, амь хохирогчийн хамтран амьдрагч хэмээн тодорхойлогдож буй О.Уламсайханыг хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн эсэхийг шүүхээр эцэслэн хэлэлцэх шатанд шилжүүлээд байна.
“Ноорог” медиа агентлагийн байр суурь, цаашдын шат
Одоогоор “Ноорог” медиа агентлаг болон О.Уламсайханаас хэргийн талаар албан ёсны тайлбар, байр суурь тодорхой хэмжээгээр олон нийтэд дэлгэрэнгүй гаргаагүй байна. Хэргийг шүүхэд шилжүүлсэн нь эрүүгийн хэрэг шүүхийн шатанд орж, нотлох баримт, мэдүүлгийг шүүх хянан хэлэлцэнэ гэсэн үе шат руу орсныг харуулж байгаа юм.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тов гарснаар талуудын байр суурь, өмгөөлөл, нотлох баримтын хүрээ илүү тодорхой болох юм.





