Налайх дүүргийн “Тайж Хайрхан”-ы бэлд энэ сарын 22-24-нд болох “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд оролцогчдын бүртгэл дуусчээ.
Энэ жилийн фестивалийн үеэр:
- Үндэсний бөх
- Сур харваа
- Шагайн харваа
- Адуучин
гэсэн үндэсний спортын дөрвөн төрөлд 400 гаруй тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна. Мөн хурдан морины уралдаанд 100 гаруй шилдэг хурдан хүлэг шандас сорихоор бүртгэлээ баталгаажуулжээ.
Үндэсний спортын тэмцээнүүдээс гадна жуулчид, үзэгч, сонирхогчдод зориулсан үзүүлэх тоглолт, сургалт, нээлттэй тэмцээнүүд болох бөгөөд бөхийн барилдаан, сур болон шагайн харваанд хүн бүр оролцох боломжтой.
Өнгөрсөн жилийн “Нүүдэлчин-2024” фестивалийн дүнгээр:
- Үндэсний бөхийн барилдаанд улсын харцага Х.Гантулга түрүүлсэн,
- Их насны морины уралдаанд аймгийн алдарт уяач Д.Батаагийн цавьдар түрүү магнайд хурдалсан,
- Сур харваанд эрэгтэйчүүдийн ангилалд улсын мэргэн Т.Очироо, эмэгтэйчүүдийн ангилалд аймгийн гарамгай харваач Ч.Чимэддулам тэргүүлсэн,
- Шагайн харвааны багийн төрөлд Дорноговь аймгийн “Номт даншиг Хеттрик групп”-ийн баг, цуваа харваанд “Цэц баян” багийн харваач Г.Чингүүн ялалт байгуулсан,
- Адуучин тэмцээнд Б.Бямбасүрэн түрүүлж байжээ.
Ийнхүү “Нүүдэлчин-2025” фестиваль уламжлалт спорт, соёлын өвийг дэлхий дахинд таниулах онцлог үйл явдлаар маргааш албан ёсоор эхлэх гэж байна.