ОХУ-ын тал Монгол Улсад Улаанбаатар – Москва – Берлин чиглэлд үйлддэг байсан тогтмол нислэгийг дахин сэргээх тухай саналаа дахин тавьсан талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан ТАСС агентлагт мэдээлжээ. Тэрбээр, уг нислэгүүдийг өмнө нь коронавирусийн цар тахлын үеэр түр зогсоосон болохыг дурдсан байна.
Сайд Б.Дэлгэрсайхан мэдэгдэлдээ өнөөдрийн байдлаар Монголын агаарын тээврийн компаниуд ОХУ-ын чиглэлд нислэг үйлдэхгүй байгаа ч Оросын агаарын тээврийн компаниуд, тухайлбал Иркутск болон Красноярскаас Монгол Улсад тогтмол нислэг үйлдэж буйг онцлов. 2024 онд “Аэрофлот” компани Красноярскийн “КрасАвиа” компанитай хамтран Улаанбаатарын чиглэлд шинэ нислэг нээж байсан юм.
Мөн тэрээр, Монгол Улс зөвхөн ОХУ-ын бүрэн өмчлөлд байдаг онгоцнуудыг хүлээн авах боломжтой бөгөөд гуравдагч орны өмчлөлд бүртгэлтэй онгоцнуудад энэ журам хамаарахгүй гэдгийг тодруулан дурдлаа.
Энэ мэдэгдлийн өмнө Оросын “Аэрофлот” компани Ираны агаарын тээврийн байгууллагуудтай холбоотой хязгаарлалтыг цуцалсны дараа Москва–Тегеран чиглэлийн нислэгээ сэргээжээ. SU514 дугаартай нислэг нь 8-р сарын 6-ны Лхагва гарагт Москвагийн Шереметьево нисэх онгоцны буудлаас хөөрч, оройн 22:50 цагт Ираны Имам Хомейни нисэх буудалд газардсан байна.