2010 оны Ванкуверын өвлийн олимпын хүрэл медальт, Норвегийн нэрт тамирчин Аудун Грёнволд аянганд цохиулж амиа алдсан харамсалтай явдал тохиолджээ. Энэ талаар Норвегийн Цанын Холбооноос албан ёсоор мэдээлсэн байна.
Тэрбээр 49 настай байсан бөгөөд завиар аялж явах үедээ аянганд өртсөн бөгөөд ослын дараа яаралтай эмнэлэгт хүргэгдсэн ч амийг нь аварч чадаагүй аж. Тэрээр өнгөрсөн мягмар гарагт нас баржээ.
Норвегийн Цанын Холбоо мэдэгдэлдээ:
“Аудун Грёнволдын гэнэтийн үхэл биднийг гүнээ цочирдуулж, гашуудахад хүргэж байна. Тэр бол манай спортын түүхэнд онцгой байр суурь эзэлдэг хүн байлаа” хэмээн дурджээ.
Аудун Грёнволд нь амьдралынхаа туршид спортын карьераа амжилттай авч явсан бөгөөд 2010 оны өвлийн олимпын наадмаас сноубордын кросс төрлөөр хүрэл медаль хүртэж, олон улсын тэмцээнүүдэд өндөр амжилт гаргаж байсан юм.
Грёнволд эхнэр Кристин Хаугшо болон гурван хүүхдийн хамт амьдардаг байжээ. Түүний эхнэр сошиал хуудсандаа:
“20 жилийн турш хамтдаа амьдарсан их хайр минь байлаа. Зуны амралтаар гэр бүлээрээ аялж явах үед ийм золгүй явдал тохиолдсон нь үнэхээр хүнд байна” гэж бичжээ.
Тэрбээр зөвхөн спортын ертөнцөд төдийгүй гэр бүлийнхэндээ гүн хайртай, халамжит нөхөр, сайн аав байсан бөгөөд түүний гэнэт болсон үхэл Норвегийн спортын ертөнцөд хүнд гарз болж байна.