Орос баавгайн тоог цөөрүүлэхээр шийдлээ: Энэ онд халдлагад 36 хүн амиа алджээ

ОХУ-ын эрх баригчид хүрэн баавгайн тоо толгойг бүс нутаг тус бүрд 30 хүртэл хувиар бууруулах боломжтой шинэ хязгаар тогтоожээ. Энэ он гарснаас хойш баавгайн халдлагад 36 хүн нас барсантай холбогдуулан ийм шийдвэр гаргасан байна.

Байгалийн нөөцийн яам уг арга хэмжээг баавгайн тоо толгойг хянах, хүмүүст учрах аюулыг багасгах зорилготой гэж тайлбарлажээ.

12 мянга гаруй дуудлага, 87 халдлага бүртгэгджээ

“Орос улсад энэ оны эхнээс хойш хүрэн баавгай хүнд ойртсон тухай 12,000 гаруй дуудлага, мэдээлэл ирсэн. Нийт 87 удаагийн халдлага бүртгэгдэж, 36 хүн амиа алдлаа. Нөхцөл байдлыг харгалзан үзээд хязгаарлалтыг өөрчилж, бүс нутаг тус бүрд хүрэн баавгайн нийт тоо толгойн 30 хүртэлх хувийг устгах дээд хязгаарыг шинэчлэн тогтоох шийдвэр гаргаж байна” гэж яам мэдэгдсэн байна.

Харин устгалын ажлын эхлэх хугацаа болон үргэлжлэх хуваарийг зарлаагүй аж.

Энэ долоо хоногийн эхээр Камчаткийн хойгт байрлах амралтын газрын хамгаалалтын ажилтан баавгайд бариулж нас барсан нь халдлагын улмаас амиа алдсан хүний тоог нэгээр нэмэгдүүлжээ.

Камчаткад 14, Красноярскийн хязгаарт 19 хувийн квот тогтоов

Яамны мэдээллээр Оросын нутаг дэвсгэрт нийт 308 мянган хүрэн баавгай амьдарч байна. Тоо толгойг бууруулах квотыг бүс нутгаас хамааран өөр өөрөөр тогтоожээ.

Тухайлбал, Камчаткад баавгайн нийт тооны 14 хувийг, Красноярскийн хязгаарт 19 хувийг устгалд хамруулахаар болсон байна. Энэхүү арга хэмжээнд зориулж 970 мянга гаруй ам.доллартой тэнцэх хөрөнгө хуваарилжээ.

Зөөлөн өвөл баавгайн өсөлтөд нөлөөлсөн гэж үзэж байна

ОХУ-ын засгийн газрын тооцоогоор сүүлийн гучин жилийн хугацаанд хүрэн баавгайн тоо толгой улсын хэмжээнд хоёр дахин нэмэгдсэн байна. Өвлийн улирал богиносож, харьцангуй дулаан болсон нь үүнд тодорхой нөлөө үзүүлсэн гэж тайлбарлажээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу