Испанийн алдарт “Реал Мадрид” клуб 2024/25 оны улирлын орлогоор хөлбөмбөгийн түүхэнд урьд өмнө үзэгдээгүй өндөр амжилт тогтоож, шинэ дээд амжилтаа зарлалаа. Клубийн хэвлэлийн албанаас мэдээлснээр тоглогчдын наймаанаас бусад шууд орлого нь нийт 1.185 тэрбум евро хүрсэн нь өмнөх жилийн амжилтыг дахин ахиулсан үзүүлэлт болж байна.
Энэ нь “Реал Мадрид”-ын хувьд дараалан хоёр дахь улиралдаа хөлбөмбөгийн түүхэнд €1 тэрбумын босгыг давсан анхны, мөн цорын ганц клуб болох амжилтаа баталгаажуулж буй хэрэг юм.
2024/25 оны улиралд “Реал Мадрид” олон улсын тавцанд хүчтэй оролцож, Тив хоорондын цом болон УЕФА-гийн Супер цомын эзэн болсон. Түүнчлэн Испанийн дотоодын лигт хоёрдугаар байрт орж, Клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд шалгарсан амжилтууд нь орлогын өсөлтөд чухал нөлөө үзүүлжээ.
Ийнхүү спортын амжилтаа эдийн засгийн үр өгөөжтэй хослуулсан “Реал Мадрид” клуб дэлхийн хамгийн ашигтай, хамгийн амжилттай хөлбөмбөгийн брэндүүдийн нэг гэдгээ дахин баталж байна.