Сөүл хот онлайн орчин дахь хууль бус бэлгийн хүчирхийллийн контентыг автоматаар илрүүлж, мэдээлэх хиймэл оюун ухаанд суурилсан систем нэвтрүүлсэн талаар мэдээллээ. Хотын танилцуулснаар уг системийг Солонгосын бүх байгууллага үнэ төлбөргүй ашиглах боломжтой бөгөөд дотоод, олон улсын байгууллагуудыг хамруулах хэмжээнд өргөжүүлэх боломжтой гэжээ. Мөн тус шийдэл нь НҮБ-ийн төрийн үйлчилгээний шагнал болон дотоодын инновацийн тэргүүн шагнал хүртсэн байна.
Систем нь 24 цагийн бодит цагийн хяналтаар хууль бус зураг, видео зэрэг материалыг илрүүлж, устгах хүсэлт илгээхээс гадна дахин байршуулалтыг хаах механизмаар ажилладаг гэж мэдээлэв. Анх 2023 онд танилцуулж байсан системд одоо нүүр таних технологи болон автоматаар мэдээлэх функцийг нэмснээр үр дүнг нь сайжруулсан байна. Үүний үр дүнд хүний оролцоо багасч, ийм төрлийн контенттой ажилладаг ажилтнуудын сэтгэлзүйн ачаалал буурсан гэж онцолжээ.
Албан мэдээллээр хууль бус контентыг олж, устгуулахад зарцуулдаг хугацаа өмнө нь дунджаар 3 цаг байсан бол 6 минут болж богиноссон бөгөөд илрүүлэлтийн үзүүлэлт хоёр дахин нэмэгдсэн байна. Мөн онлайн орчин дахь хууль бус бэлгийн хүчирхийллийн контентын хяналтын тохиолдол 2022 онд 2509 байсан бол 2025 онд 15 777 болж өссөн гэж мэдээлжээ.
БНСУ-ын Эмэгтэйчүүд, гэр бүл, бодлого хариуцсан газрын дарга Ма Чэ-сүүк “Энэ системийг үнэгүй тарааснаар орон даяар хохирогчид шуурхай, практик дэмжлэг авах боломжтой болно” гэж хэлжээ.





