Сүүлийн жилүүдэд агаарын тээврийн салбарт хүчтэй донсолгооны улмаас зорчигчид гэмтэж бэртэх тохиолдол улам олширсоор байна. Ялангуяа дунд ба түүнээс дээш эрсдэлтэй донсолгоонууд жил бүр хэдэн арван мянгаар бүртгэгдэж байгаа нь анхаарал татаж буй. АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн мэдээлснээр, 2009-2024 оны хооронд зөвхөн тус улсад 200 гаруй зорчигч нислэгийн үеийн донсолгоонд өртөж гэмтжээ.
Хэдий тийм боловч донсолгооны үеэр амь хохирох тохиолдол маш цөөн бөгөөд зорчигч суудлын бүсээ тогтмол зүүсэн тохиолдолд эрсдлийг бараг бүрэн хэмжээнд бууруулах боломжтойг мэргэжилтнүүд онцолж байна.
Агаарын донсолгоог мэргэжлийн түвшинд судалдаг Turbli нэртэй сайт 10,000 гаруй агаарын маршрутыг судалсны үндсэн дээр дэлхийн хамгийн донсолгодог чиглэлүүдийг нэрлэсэн байна. Судалгааны дүнгээс харахад Өмнөд Америк болон Азийн өндөр уулын бүс нутгаар дайрдаг замууд хамгийн эрсдэлтэйд тооцогдож байна. Тухайлбал, Андын нуруу болон Хималайн нуруу орчмын чиглэлүүд өндөр эрсдэлтэйд багтжээ.
Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар, агаар мандлын дээд давхаргын салхи, урсгал нь уулсын нөлөөгөөр хүчтэй өөрчлөгддөг тул ийм замуудад донсолгоо илүү эрчимтэй байдаг. Аргентины Мендоза хотоос Чилийн нийслэл Сантьягогийн хоорондох чиглэл нь дэлхийн хамгийн донсолгодог агаарын маршрут гэж нэрлэгдсэн байна.
Энэхүү судалгаагаар илрүүлснээр дэлхийн хамгийн их донсолгодог эхний 10 чиглэлийн ихэнх нь уулын бүс нутгаар дайрдаг бөгөөд дараагийн гол шалтгаан нь агаар мандлын дээд хэсэгт халуун, хүйтэн урсгалууд огтлолцох бүс нутгуудад илүү ихээр бүртгэгдэж байгаатай холбоотой гэнэ. Үүнд Энэтхэгийн далайг хамарсан олон улсын нислэгийн замууд мөн багтаж байна.
Ази тивд хамгийн донсолгодог маршрутын нэгээр Японы Натори хотоос Токонаме хот хүртэлх 500 км урт зам нэрлэгдэж байна. Судлаачдын үзэж буйгаар Сибирийн хүйтэн агаарын урсгал болон Номхон далайн халуун урсгалын огтлолцолд Японы арлууд байрладаг нь ийм хүчтэй донсолгооны шалтгаан болдог аж. Сонирхолтой нь, Дэлхийн хоёрдугаар дайны үед Америкийн цэргийнхэн Японд хаясан бөмбөг салхины нөлөөгөөр байндаа хүрээгүй тохиолдол олон гарч байсныг анхлан ажиглажээ.
Мөн уур амьсгалын өөрчлөлт нь халуун, хүйтэн агаарын мөргөлдөх үзэгдлийг улам ихэсгэж байгаа талаар судалгаанд дурдсан байна. 2023 онд нийтлэгдсэн нэгэн судалгаанд дурдсанаар, 1979-2020 оны хооронд Атлантын хойд хэсгээр өнгөрдөг нислэгүүдийн донсолгоо 55 хувиар нэмэгджээ. АНУ-ын эх газрын дээгүүр өнгөрдөг нислэгүүд ч мөн энэ хугацаанд 41 хувиар нэмэгдсэн байна.
2017 онд хийгдсэн өөр нэг судалгаа XXI зууны төгсгөл гэхэд зорчигчдод аюул учруулахуйц донсолгоо өнөөгийн хэмжээнээс хоёр, гурван дахин өснө гэж тооцоолжээ. Гэсэн ч судлаачид онгоцыг аюулгүй тээврийн хэрэгсэл хэвээр байгааг онцлон тэмдэглэж байна. Учир нь нисэх онгоц нь хүчтэй донсолгоог тэсвэрлэх бүтэцтэйгээр хийгдсэн бөгөөд суудлын бүсийг зүүж явах нь хамгаалалтын хамгийн үр дүнтэй арга гэдгийг Turbli сайтын үүсгэн байгуулагч, шингэний динамикийн мэргэжилтэн Игнасио Галлего Маркос тайлбарлажээ.
Мөн Ридингийн их сургуулийн цаг уур судлаач Жоана Медейросын хэлснээр, орчин үеийн судалгаа шинжилгээний арга зүй сайжирснаар донсолгооны 75 орчим хувийг урьдчилан таамаглах боломжтой болсон байна.