Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, суурьшлын бүсэд айл өрхийн ойролцоо орж ирсэн дөрвөн баавгайг агнаж аюулгүй болгосон байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны аравдугаар сарын 18-19-ний мэдээллээр баавгай үзэгдсэн гэх дуудлага нийслэл болон таван аймагт иржээ.
Тодруулбал, нийслэлийн Сүхбаатар дүүрэгт хоёр, Увс аймагт нэг, Хөвсгөл аймагт арав, Хэнтий аймагт хоёр, Завхан аймагт нэг дуудлага тус тус бүртгэгдсэн байна.
Ингэснээр улсын хэмжээнд нийт 16 удаагийн дуудлага, мэдээлэл хүлээн авчээ.
Улсын хэмжээнд суурьшлын бүсэд, айл өрхийн ойролцоо орж ирсэн дөрвөн баавгайг агнаж аюулгүй болгосон бол хоёр баавгайг үргээн суурьшлын бүсээс гаргаж, ой руу буцаасан байна.
Мөн зургаан дуудлагын дагуу орон нутгийн шуурхай багууд эрэн хайх ажиллагаа зохион байгуулжээ. Харин нийслэл болон орон нутагт ирсэн дөрвөн дуудлага батлагдаагүй байна.
Баавгайн халдлагын улмаас нэг хүн амиа алджээ
Сүүлийн үед баавгай суурьшлын бүсэд орж ирэх тохиолдол нэмэгдэж, хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулсан хэрэг ч бүртгэгдсэн байна.
Баянзүрх дүүргийн 35 дугаар хороонд 40 настай эрэгтэй баавгайн халдлагад өртөж амиа алдсан бол 55 настай эмэгтэй одоогоор Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Үүнтэй холбоотойгоор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон нийслэлийн Байгаль орчны газраас иргэдэд тогтмол сэрэмжлүүлэг хүргэж байна.
Баавгай суурьшлын бүс, айл өрхийн ойролцоо үзэгдсэн тохиолдолд иргэд өөрсдөө ойртож, үргээх гэж оролдохгүй байх, шуурхай мэдээллийг 117 дугаарын утсанд өгөхийг зөвлөж байгаа юм.
Сүүлийн 24 цагт л гэхэд 16 дуудлага бүртгэгдсэн нь баавгайн хөдөлгөөн суурьшлын бүс рүү ойртож байгааг харуулж байгаа тул иргэд сонор сэрэмжтэй байх шаардлагатай байна.