Макүүчи зиндаанд хамгийн олон барилдсан бөх болов
Мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын тэмцээн болох Харү башёгийн дөрөв дэх өдрийн барилдаанууд өнөөдөр өндөрлөж, Монголын сүмоч Тамаваши Б.Мөнх-Оргил түүхэн амжилт тогтоолоо.
41 настай тэрбээр макүүчи буюу сүмогийн дээд зиндаанд нийт 1,471 дэх барилдаанаа хийснээр энэ зиндаанд хамгийн олон барилдсан бөхийн шинэ дээд амжилтыг тогтоосон байна.
Өмнө нь энэ амжилтыг Кёкүтэнхо Н.Цэвэгням эзэмшиж байсан бөгөөд тэрээр 1998–2015 оны хооронд нийт 1,470 барилдаан хийж байжээ.
Тамаваши Б.Мөнх-Оргил анх 2008 оны есдүгээр сарын башёд дээд зиндаанд барилдаж эхэлсэн юм.
Дээд зиндаанд 99 башёд барилдсан амжилтад хүрэв
Мөн Тамаваши макүүчи зиндаанд 99 башёд барилдсан үзүүлэлтээр Кёкүтэнхо Н.Цэвэгнямтай зэрэгцээд байна.
Энэ үзүүлэлтээр:
- Озеки асан Кайо – 107 башё
- Ёкозүна асан Хакүхо – 103 башё
дээд зиндаанд хамгийн олон тэмцээнд оролцсон бөхчүүдийн жагсаалтыг тэргүүлдэг.
Харү башёгийн эхний дөрвөн өдрийн өрсөлдөөн
Харү башёгийн дөрөв дэх өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил Украины Шиши бөхөд ялагдсан. Гэсэн ч түүний шинэ рекорд энэ өдрийн гол онцлох үйл явдал боллоо.
Ёкозүнагийн болзол сонссон Украины Аонишики эхний дөрвөн өдрийн дараа хоёр ялж, хоёр унасан амжилттай явна. Тэрээр өнөөдөр Чүраноүмид дийлдсэн байна.
Монгол бөхчүүдийн барилдаан
Озеки цолоо буцаан авахын төлөө барилдаж буй Киришима Б.Лхагвасүрэн Вакатакакажэг ялснаар гурван даваатай болж, тэмцээнийг үргэлжлүүлж байна.
Харин эхний гурван өдөр дараалан ялсан ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн Фүжинокавад ялагджээ. Ингэснээр маэгаширагийн зүүний хоёрт бичигдэж буй япон бөх энэ тэмцээнд хоёр ёкозүнаг дараалан ялж, кинбоши буюу алтан од хүртсэн байна.
Тэргүүлэгчид
Дээд зиндаанд дөрвөн өдрийн дараах байдлаар:
- Секивакэ Такяасү
- Таканошо
- Котошохо
гэсэн гурван бөх нэг ч унаагүйгээр тэмцээнийг тэргүүлж байна.
Монгол бөхчүүдийн амжилт
Дээд зиндаа
- Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн – 3:1
- Секивакэ Киришима Б.Лхагвасүрэн – 3:1
- Б-6 Онокацү Б.Чойжилсүрэн – 0:2-2
- З-7 Ошома П.Дэлгэрбаяр – 2:2
- Б-9 Тамаваши Б.Мөнх-Оргил – 0:4
- З-14 Чиёошёома Г.Мөнхсайхан – 2:2
- З-16 Асахакүрюү Р.Жамъяантогтох – 3:1
Жюүрёо зиндаа
- Б-7 Кёкүкайюү Ш.Далайбаатар – 4:0
- З-9 Тамашёохо Э.Энхманлай – 1:3
- З-10 Дэванорюү Т.Тэмүүлэн – 2:2
- Б-11 Тошинофүжи Ө.Дэмиджамц – 3:1





