Таван шарын төмөр замын нүхэн гарцын орчимд явган зорчигчдыг аюулгүй нэвтрүүлэх зориулалттай гүүрэн гарц барьж байна. Нийт 90 метр урт, гурван орц, гарцтай уг байгууламжийн ажлыг энэ онд дуусган ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Үндсэн бүтээцийг угсарч дуусжээ
Төслийн хүрээнд гүүрийн суурь, тулгуур багана болон үндсэн бүтээцийн угсралтыг бүрэн хийсэн байна. Одоо шат, налуу зам, хайс, хашлага, саравч зэрэг нэмэлт хэсгүүдийг суурилуулах бэлтгэл үргэлжилж байгаа аж.
Нүхэн гарц төслийн захирал М.Золбоо “Гүүрэн гарцын барилга угсралтын ажил 2025 оны арваннэгдүгээр сарын 15-наас эхэлсэн. Суурийн бетон хийцлэлүүдийг хийж дуусган, ган дам нуруу болон метал хийцлэлийн ажлыг үргэлжлүүлж байна. Дараагийн шатны шаардлагатай материалууд ирсэн. Одоогийн байдлаар нэмэлт хийцүүдийг угсрах бэлтгэл ажлыг хангаж байна” гэв.
Налуу замаар хүртээмжийг хангана
Гүүрэн гарцын явган зорчих хэсэг болон налуу замыг иргэдийн хэрэгцээнд нийцүүлэн шийдэж байгаа юм. Ингэснээр ахмад настнууд, хүүхдийн тэрэгтэй эцэг эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд саадгүй зорчих боломжтой болно.
Байгууламж ашиглалтад орсноор явган зорчигчид төмөр зам, авто замын хөдөлгөөнтэй огтлолцохгүйгээр тухайн хэсгээр аюулгүй нэвтрэх нөхцөл бүрдэх аж.
Нүхэн гарц замын холболтыг сайжруулна
Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарц бүрэн ажиллаж эхэлснээр Найрамдлын зам Товчооны замтай шууд холбогдоно. Энэ нь төмөр замын гарам дээр хүлээснээс үүсдэг хөдөлгөөний саатлыг багасгаж, авто замын сүлжээний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх ач холбогдолтой юм.
Харин явган хүний гүүрэн гарц нь тус бүсийн оршин суугчдын аюулгүй байдал, зорчих тав тухыг сайжруулахад чиглэж байна.