“Counter-Strike 2” төрлийн дэлхийн дээд зэрэглэлийн тэмцээн болох BLAST Bounty Fall 2025 өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд нийт 32 баг 500 мянган ам.долларын шагналын төлөө өрсөлдөж байна. Монгол Улсын нэрийн өмнөөс энэхүү тэмцээнд The MongolZ баг дэлхийн чансаагаар уригдан оролцож байгаа бөгөөд тэднийг 1xBet Монгол дэмжиж буй юм.
Эхний шатны тоглолтууд нугалааны системтэй явагдаж байгаа тул ялагдсан багууд тэмцээнээ шууд өндөрлүүлнэ. Урьдчилсан шатнаас амжилттай гарсан найман баг наймдугаар сарын 14-17-ны хооронд Бүгд Найрамдах Мальта Улсад зохиогдох шигшээ шатанд өрсөлдөнө.
The MongolZ багийн эхний тоглолт наймдугаар сарын 8-ны Баасан гарагт Финландын ENCE багийн эсрэг 17:00 цагт эхэлнэ. Уг тоглолт нь гурван мапаар ялагчийг тодруулах “Best of 3” форматаар явагдана. Тус хоёр баг өмнө нь “Elisa Masters Espoo 2024” тэмцээний үеэр оноолт таарч, манай баг 1:2 харьцаатайгаар хожигдож байжээ.
Түүнчлэн The MongolZ баг есдүгээр сард Лондонд зохион байгуулагдах BLAST Open Fall 2025 тэмцээнд оролцох боломжгүй болсон талаар багийн удирдлагууд мэдэгдсэн. Олон тэмцээний хуваарь давхацсанаас шалтгаалж визийн бүрдүүлэлт амжих боломжгүй болсон байна.
Мөн тэмцээнд Австралийн FlyQuest баг оролцож байгаа бөгөөд тус багийг Монголын дасгалжуулагч Г.Эрдэнэцогт (erkaSt) удирдаж байна. FlyQuest нь маргааш 19:30 цагт Туркийн Aurora Gaming багтай тоглох бөгөөд ялалт байгуулбал шөвгийн 16-д шалгарах эрхээ авна.
Энэ удаагийн BLAST тэмцээнд дэлхийн шилдэг багууд болох Францын Team Vitality, Украины Natus Vincere, Европын FaZe Clan, Германы MOUZ, Оросын Team Spirit зэрэг нэр хүндтэй багууд өрсөлдөж байна. Эдгээр багуудын оролцоо тэмцээнийг улам ч өрсөлдөөнтэй болгож байна.





