2025 оны наймдугаар сарын 17-ны Ням гарагт 13:00–19:00 цагийн хооронд Төв цэнгэлдэхийн гадна задгай талбайд “Хуучин хувцсаа хандивлах өдөрлөг” дахин зохион байгуулагдахаар болжээ.
Иргэдийн шүүгээнд үлдсэн, дахин өмсөхөө больсон хуучин хувцас, шинэ боловч хэрэглэгдэхгүй байгаа эд зүйлсийг хэрэгтэй хүнд нь хүргэх зорилготой тус өдөрлөгт оролцсон хүн бүрт “ногоон оноо” буюу Green Score олгоно. Энэхүү оноогоороо урамшуулал авах боломжийг энэ жилээс бүрдүүлж байгаа бөгөөд хамтран ажиллах байгууллагуудын талаар удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж.
Өдөрлөгийн хүрээнд хандивлах хувцас, гуталд дараах шаардлагууд тавигдана:
Хувцасны шаардлага:
- Угаасан байх
- Урагдаагүй, элэгдээгүй байх
Гутлын шаардлага:
- Цоороогүй байх
- Ул нь бүтэн байх
- Урагдалгүй байх
Өнгөрсөн жилийн хандивын бүх хувцсыг Сонгинохайрхан дүүргийн 24-р хороонд үйл ажиллагаа явуулдаг “Veloo Foundation” ТББ-д хүлээлгэн өгч байсан бол энэ жил илүү үр дүнтэй, хүртээмжтэй хүргэх зорилгоор цугларсан бүх хувцсыг сайн дурын байгууллагуудын тусламжтайгаар дахин ангилж, эмзэг бүлгийн иргэдэд түгээхээр төлөвлөжээ.
НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан “Өнгөрсөн жилийн туршлага дээр үндэслэн энэ удаад арга хэмжээг илүү боловсронгуй болгон, иргэдийн оролцоог ногоон онооны системээр урамшуулан нэмэгдүүлж байна. Хувцсаа хэрэгтэй хүнд нь хүргэх энэхүү сайн үйлсэд хүн бүрийг идэвхтэй оролцохыг уриалж байна” хэмээн мэдээлэл өгчээ.