Саудын Арабын Эр-Рияд хотноо болсон “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд Өвөрхангай аймаг амжилттай оролцож, гуравдугаар байрт шалгарлаа.
Аймгийн 14 сумын 50 өвлөн уламжлагч тус наадамд оролцож, төв Халхын уламжлалт зан үйл, язгуур урлаг, соёлын биет бус өвийн онцлогийг олон улсын зочдод танилцуулжээ. Үүнд тогоо нэрэх, цагаан идээ боловсруулах, монгол гутал урлах, гурил тээрэмдэх, ноос савах, эсгий хийх, ерөөл магтаал хэлэх, уртын дуу, хөөмий зэрэг өв уламжлалыг сурталчилсан байна.
Наадмын төрөл бүрийн шалгаруулалтад өвөрхангайчууд амжилттай оролцлоо. “Эх хэл, аман уламжлалын төрөл”-д ерөөлч, магтаалч Г.Өнөболд шилдэг өвлөн уламжлагчаар шалгарсан бол “Хамгийн өндөр настай өвлөн уламжлагч”-аар Р.Цэрэндэгд тодров. Мөн “Шилдэг гар урлалын баг”-аар Хужирт сумын Уянгын эрээн гэр урлалын баг, “Арьс шир боловсруулах уламжлалт арга”-ын төрөлд Баян-Өндөр сумын малчин Д.Балчинсүрэн, “Уламжлалт зан үйл, хэл хуур”-ын төрөлд Тарагт сумын Б.Эрдэнэбулган нар шалгарчээ.
“Голомт нутаг Өвөрхангай” отогт гурван өдрийн турш 7 мянга гаруй хүн зочилж, үндэсний урлал, брэнд бүтээгдэхүүн худалдан авсан байна.
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг Соёлын байгууллагууд хамтран дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсыг нүүдлийн соёл иргэншлийн төв, тэргүүлэх улс болгон хөгжүүлэх зорилготой юм.