Челси баг Клубуудын Дэлхийн аваргын финалын тоглолтод Парис Сен-Жермен багийг 3:0-ээр хожиж, түрүүлсний дараа баярын мөчид гэнэтийн зочин нэгдэв — АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп.
Тоглолт Нью Жерсигийн MetLife цэнгэлдэх хүрээлэнд болсон бөгөөд Трамп багийн ахлагч Рис Жеймсэд түрүүгийн цом гардуулсан. Дараа нь ФИФА-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино түүнийг тайзан дээрээс буухыг уриалсан ч Трамп Рис Жеймс болон хаалгач Роберт Санчез нарын дэргэд зогсоод, цом өргөх мөчийг хамтдаа алга ташин угтжээ.
Рис Жеймс хэлэхдээ:
“Надад тэр цом гардуулаад тайзан дээрээс бууна гэж хэлсэн. Би ч тэгнэ гэж бодсон. Гэтэл тэр үлдмээр санагдсан бололтой. Тэр намайг болон багийг түрүүлсэнд баяр хүргээд, энэ мөчийг бүрэн эдэл гэдэг л үг хэлсэн.”
Тус тоглолтод хоёр гоол оруулсан Коул Палмер:
“Түүнийг ирнэ гэдгийг мэдэж байсан ч цом өргөх мөчид тайзан дээр гарна гэж огт төсөөлөөгүй. Би бага зэрэг будилсан шүү.”
Цомын тоглолт уу, Супербоул уу?
Шинэчлэгдсэн, өргөтгөгдсөн Клубуудын ДАШТ-ийн сүүлчийн тоглолт нь шоу бизнесийг санагдуулам өргөн хүрээний урьдчилсан үзүүлбэр, хагас цагийн тоглолт зэргийг агуулсан бөгөөд нийт 81,118 хүн MetLife цэнгэлдэхэд ирж үзжээ.
Трамп тоглолтыг Инфантинотой хамт үзэж, хагас цагийн үед DAZN сувгийн ярилцлагад:
“Үнэхээр гайхалтай мөчийг мэдэрч байна” хэмээн хэлсэн байна.
Мөн тухайн орой дэлгэрэнгүй ярилцлагад Трамп хэлэхдээ:
“Жанни бол миний сайн найз. Тэр лиг болон хөлбөмбөгт үнэхээр их хувь нэмэр оруулсан. Эсвэл тэд ‘футбол’ гэж нэрлэдэг байх, харин бид ‘соккер’ гэж хэлдэг. Энэ нэрийг өөрчлөх амархан ажил биш л дээ. Гэхдээ үзэхэд үнэхээр гайхалтай спорт юм. Бид одоо жаахан сенсаац үзэж байна уу даа?”
Түүнээс спортын нэршлийг АНУ-д албан ёсоор “football” болгох талаар асуухад тэр инээмсэглэж:
“Би тэгж чадна. Тэгэх боломжтой байх аа” гэж хариулжээ.
АНУ нь Канад, Мексикийн хамт 2026 оны эрэгтэйчүүдийн Хөлбөмбөгийн ДАШТ-ийг хамтран зохион байгуулах бөгөөд энэ үйл явдлын бэлтгэл нэгэнт эхэлсэн байна.