АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Цагаан ордны дээвэр дээр гэнэт гарч ирсэн нь хэвлэл мэдээллийн ажилтнуудын анхаарлыг татаад зогсохгүй гайхшрал төрүүлэв. Ерөнхийлөгчийн бие хамгаалагчид болон мэргэн буучдын хамгаалал дор тэрбээр хэвлэлийн хурлын танхимын дээвэр дээр 20 орчим минут алхсан бөгөөд энэ хугацаанд цөөн хэдэн сэтгүүлчтэй товч ярилцсан байна.
Трамп өөрийн алхалтын талаар сэтгүүлчдийн асуултад эхлээд “Жаахан алхах гэсэн юм” хэмээсэн бол дараа нь “Өөрийн мөнгийг энэ улсын төлөө зарцуулах бас нэг арга замыг хайж байна” гэж тайлбарлав.
Хамгийн их анхаарал татсан нь Трамп цөмийн зэвсгийн талаар хийсэн хошигнол байлаа. Түүнийг яг юу хайж байгааг лавлахад, тэр гараараа нисэж буй зэвсэг дүрсэлж үзүүлээд “Цөмийн пуужин” гэж инээмсэглэн хошигносон байна.
Сүүлийн үед АНУ болон ОХУ-ын хооронд цөмийн зэвсгийн сэдэвтэй холбоотой харилцан сүрдүүлгийн шинжтэй мэдэгдлүүд ар араасаа гарч буй нь уг хошигнолыг анхаарлын төвд оруулаад байна. Тухайлбал, ОХУ-ын ерөнхийлөгч асан Дмитрий Медведевийн мэдэгдлийн дараа Трамп АНУ-ын хоёр цөмийн шумбагч хөлгийг шилжүүлэн байрлуулах тушаал гаргаснаа ил зарласан билээ.
Цагаан ордны шинэчлэлд идэвхийлэн анхаарч буй Трамп сүүлийн үед хэд хэдэн бүтээн байгуулалтын ажил санаачлаад байгаа. Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөсөө хойш тэр алдарт Роуз Гарден цэцэрлэгт хүрээлэнг дахин тохижуулж, Зууван Танхимыг өөрийн орд харшийн хэв маягт нийцүүлэн алтадмал чимэглэлтэй болгожээ.
Одоо тэрээр Цагаан ордны шинэ хүлээн авалтын танхим байгуулах төлөвлөгөөгөө танилцуулсан бөгөөд энэ нь сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд ордонд хийгдэх хамгийн том бүтээн байгуулалт болох төлөвтэй. Ерөнхийлөгч энэ төслийн нийт 200 сая ам.долларын зардлыг төрийн төсвөөс гаргахгүй, зөвхөн хувийн хандивлагчдын тусламжаар босгоно гэдгээ илэрхийлсэн юм.