АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай хийсэн уулзалтын дараа мэдэгдэл хийлээ. Тэрбээр “Газын зурвас дахь дайн дуусах мөч урьд өмнөхөөсөө илүү ойртлоо” хэмээн онцолж, мөргөлдөөнийг эцэслэх 20 заалт бүхий төлөвлөгөөг олон нийтэд танилцууллаа.
Трампын хэлснээр, уг төлөвлөгөөг Израил аль хэдийн зөвшөөрсөн бөгөөд одоо Хамас бүлгийн шийдвэр шаардлагатай болжээ. Гэвч энэхүү баримт бичигт Хамасын өмнө нь эсэргүүцэж байсан хэд хэдэн заалт багтсан тул тэдний хариу тодорхойгүй хэвээр байна.
Ерөнхийлөгч Трамп хоёр гаруй жилийн турш үргэлжилж, арван мянга гаруй хүний амь насыг авч одсон, Газа хотыг сүйрүүлсэн мөргөлдөөн эцэслэх шатандаа орж магадгүй гэсэн найдлага илэрхийлэв.
Төлөвлөгөөний дагуу Израил албан ёсоор зөвшөөрснөөс хойш 72 цагийн дотор Хамас бүлэг амьд, нас барсан бүх барьцаалагдсан хүмүүсээ суллах ёстой. Хэрэв энэ шаардлагыг биелүүлэхгүй бол хүнд үр дагавартайг Трамп болон Нетаньяху анхаарууллаа.
Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху:
“Эрхэм Ерөнхийлөгч өө! Хэрэв Хамас таны төлөвлөгөөнөөс татгалзвал, эсвэл гаднаа зөвшөөрсөн дүр үзүүлээд дотроо эсэргүүцэх юм бол Израил улс өөрөө энэ ажлыг дуусгах болно. Үүнийг амархан аргаар ч хийж болно, хэцүү аргаар ч хийж болно. Ямар ч байсан бид энэ бүхнийг дуусгах болно” гэж мэдэгдэв.
Хэрэв Хамас татгалзвал Израил цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэх бөгөөд энэ тохиолдолд Трамп АНУ-ын зүгээс дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
Одоо олон улсын анхаарал талууд уг төлөвлөгөөг хүлээн зөвшөөрөх эсэхэд төвлөрч байна.