АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ирэх долоо хоногийн Баасан гаригт (наймдугаар сарын 15) Аляска мужид ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар болсон талаар өчигдөр олон нийтэд мэдэгдэв.
Трамп өөрийн сошиал хуудсандаа:
“Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгч миний бие болон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хоёрын удаан яригдаж буй уулзалт ирэх Баасан гарагт буюу наймдугаар сарын 15-ны өдөр Аляскын Их мужид болно”
хэмээн мэдээлжээ.
Үүнээс өмнө Цагаан ордонд сэтгүүлчдэд хандан тэрээр “хоёр талын аль алиных нь тусын тулд газар нутаг солилцох асуудал яригдана” гэж хэлсэн боловч дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй байна.
Зарим эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын тусгай элч Стив Виткоффтой уулзах үеэр Путин Украин улс Донецкийн бүс нутгаас цэргээ бүрэн татвал дайныг зогсоохыг зөвшөөрөхөө илэрхийлжээ. Энэ нь одоо Оросын цэргийн хяналтад байгаа Украины дорнодын Донецк болон Луганск мужуудыг хамарч байна.
Трампын зүгээс дайныг зогсоох нөхцөлийг Баасан гаригийн дотор биелүүлэхийг Оросын талд тулган шаардсан бөгөөд эсрэг тохиолдолд Оросын газрын тосны эсрэг хатуу хориг арга хэмжээ авахаа анхааруулсан ч эдгээр хориг арга хэмжээ хэрэгжих эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
АНУ-ын Сенатын гадаад бодлогын байнгын хорооны гишүүн Жанне Шахин энэ нөхцөл байдлыг шүүмжилж:
“Путинд ямар ч үр дагаваргүйгээр улаан шугам давах боломжийг ерөнхийлөгч Трамп зөвшөөрлөө. Тулгасан хугацаагаа мөрдөхгүй байгаа нь Америкт итгэх итгэл, эзлэн түрэмгийлэгчдийг зогсоох чадвар, Оросыг яриа хэлэлцээний ширээнд суулгах чадварыг алдагдуулж байна”
хэмээн мэдэгджээ.
Аляска мужийг төлөөлдөг Конгрессын гурван гишүүн ч энэ уулзалтын талаар урьдчилсан мэдээлэл аваагүйгээ илэрхийлсэн байна.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр мэдэгдэл хийж:
“Бидний эсрэг гаргасан аливаа шийдвэр, Украины оролцоогүйгээр гаргасан ямар ч шийдвэр энх тайвны эсрэг байх болно. Бидэнгүйгээр, Украингүйгээр дайныг дуусгах боломжгүй”
хэмээн хэлээд, газар нутгаа Орост өгөхийг зөвшөөрөхгүй гэдгээ онцоллоо.
Орос улс 2022 оны хоёрдугаар сард Украинд халдан довтолсноос хойш түүний газар нутгийн ойролцоогоор 20 хувийг эзлэн хянаж байгаа бөгөөд сүүлийн гурван жил гаруйн хугацаанд олон арван мянган хүн амиа алдаж, сая сая иргэн дүрвэсэн юм.
Энэ онд Украин, Орос хоёр гурван удаа яриа хэлэлцээ хийсэн ч зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох тохиролцоонд хүрээгүй байна. Ирэх долоо хоногт болох Трамп, Путин нарын уулзалт үр дүнд хүрэх эсэх нь ч одоогоор тодорхойгүй.
2021 оны зургадугаар сард Жо Байден, Владимир Путин нар Женевт уулзсанаас хойш хоёр орны төрийн тэргүүн нар нүүр тулан уулзаагүй бөгөөд Трамп, Путин нар хамгийн сүүлд 2019 онд Японд болсон “Их-20”-ийн уулзалтын үеэр уулзаж байжээ. Түүнээс хойш тэд хэд хэдэн удаа утсаар ярилцсан байна.