Ням гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Украины ерөнхийлөгч Володимир Зеленский нар Флоридад уулзаж, бараг дөрвөн жил үргэлжилж буй дайныг зогсоох гарцыг ярилцжээ.
Дайн зогсох хугацаа “хэдхэн долоо хоногийн дотор” тодорхой болно гэв
Уулзалтын дараа Трамп дайн төгсөх эсэх нь “хэдхэн долоо хоногийн дотор” тодорхой болох төлөвтэй гэж мэдэгдсэн байна.
“Яриа хэлэлцээ сайн болсон бол хэдхэн долоо хоногт, муу болсон бол илүү урт хугацаанд шийдэгдэж магадгүй байна” гэж тэр өөрийн хувийн эдлэн Мар-А-Лагод сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ.
Аюулгүй байдлын баталгаанд хоёр талын өнгө аяс өөр байв
Зеленский уулзалтын дараа Украины аюулгүй байдлын баталгааны асуудал шийдэгдсэнийг мэдээлсэн байна.
Харин Трамп энэ сэдэв дээр илүү болгоомжтой байр суурь илэрхийлж, Украины аюулгүй байдлын баталгааг 95 хувь тохиролцсон ч Европын орнуудын оролцоог баталгаажуулах шаардлагатай гэжээ.
Үүний дараахан Зеленский ирэх долоо хоногт Вашингтонд Украин, Европын удирдагчид Трамптай уулзахаар болсон тухай мэдээлсэн юм.
Донбассын ирээдүй эцэслэгдээгүй хэвээр
Гэсэн ч хоёр ерөнхийлөгч Донбассын бүс нутгийн ирээдүйн талаар бүрэн тохиролцоонд хүрээгүйгээ хүлээн зөвшөөрсөн байна.
“Энэ асуудал шийдэгдээгүй, гэхдээ тун ойрхон болсон. Энэ бол маш хүнд хэцүү асуудал” гэж Трамп хэлсэн байна.
Зеленскийтэй уулзахаас өмнө Трамп Путинтэй утсаар ярьжээ
Зеленскийг уулзалтад ирэхийн өмнөхөн Трамп ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьсныг Цагаан ордон “үр дүнтэй”, Кремль “найрсаг” гэж тодорхойлсон юм.
Энэ ярианы үеэр Украин, Европын Холбооны санал болгосон 60 хоногийн гал зогсоох хугацаа дайныг улам сунжруулах эрсдэлтэй гэж Путин үзсэн талаар түүний гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков мэдээлжээ. Мөн Путин Донбассын асуудлыг аль болох цаг алдалгүй шийдэх шаардлагатайг АНУ-ын ерөнхийлөгчид хэлсэн гэж байна.
ОХУ-ын хяналт дахь бүсүүд ба Москвагийн тулгалт
Орос улс одоогоор 2014 онд эзлэн авсан Крымийг бүхэлд нь, мөн дайн эхлэхийн өмнө 12 хувийг нь хянаж байсан Донбассын бүс нутгийн 90 хувийг, Запорожье, Херсон мужуудын 75 хувийг, түүнчлэн Харьков, Сумы, Миколаев, Днипропетровск мужуудын багахан хэсгийг хянаж байгаа гэж мэдээлэв.
Путин дайныг зогсоох нөхцөл болгож Украин дээрх эзлэгдсэн бүс нутгуудаас цэргээ бүрэн гаргах, мөн НАТО-д гишүүнээр элсэх хүсэл сонирхлоосоо татгалзах шаардлага тавьдаг. Бямба гарагт тэр, хэрэв Украины тал эдгээр нөхцөлийг зөвшөөрөхгүй бол Орос улс дайнаа үргэлжлүүлэхийг анхааруулж байв.
Вашингтоны санал ба Киевийн хариу нөхцөл
АНУ-ын засаг захиргаа харин одоогийн фронтын шугамыг тогтоон барих хэлбэрээр дайныг зогсоож, шугамын хоёр талд ижил зайг хамарсан цэрэг, зэвсэггүй, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах хувилбар яригдаж байгаа. Зеленскийн зүгээс ийм бүс байгуулах тохиолдолд хяналт нь Украины талд байх ёстой гэсэн нөхцөл тавьж байна.





