АНУ-ыг дахин үйлдвэрлэгч орон болгох зорилгоор Трампын засаг захиргаа дэлхийн улс орнуудтай худалдааны дайн эхлүүлээд байгаа. Энэ хүрээнд гадаадын компаниудад өндөр импортын татвар ногдуулж, үйлдвэрлэлээ АНУ-д шилжүүлэх замаар дотоодын ажлын байрыг нэмэгдүүлэхийг зорьж байна.
Гэвч үйлдвэрлэлийн салбарт роботын хэрэглээ хурдацтай нэмэгдэж байгаа нь иргэдийг ажлын байраар хангах төлөвийг тодорхойгүй болгожээ. Үйлдвэрийн автоматжуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Formic компани энэ оны нэгдүгээр сараас хоёрдугаар сар хүртэл хугацаанд харилцагчид нь робот ашиглалтаа 17 хувиар нэмэгдүүлсэн тухай мэдээлсэн. Энэ өсөлт нь худалдааны дайнаас өмнө үйлдвэрлэлээ өргөжүүлэх арга хэмжээ байж болохыг шинжээчид тайлбарлаж байна.
Энэ асуудалтай холбогдуулан АНУ-ын Худалдааны сайд Ховард Лютник энэ долоо хоногийн эхээр CNBC сувгийн нэвтрүүлэгт оролцох үеэр олон нийтийн санаа зовнилыг тайвшруулах үг хэлжээ. Тэрээр:
“Хүмүүст өнгөрсөн үеийн ажлыг бус, ирээдүйн аугаа хөдөлмөрт бэлтгэх цаг ирээд байна. Энэ бол хүмүүс болон тэдний үр хүүхдүүд нэг үйлдвэртээ насан туршдаа, үе дамжин ажиллах шинэ загвар юм” гэж мэдэгдсэн.
Лютникийн үзэж байгаагаар, ирээдүйн хамгийн чухал мэргэжил бол үйлдвэрийн роботуудыг засварлах техникч юм. Тэрээр:
“Роботуудыг засварлахад техникч хэрэгтэй. Энэ бол 80, 90-ээд оноос бий болсон, дунд боловсролтой хүмүүсийн хийж чадах гайхалтай сайхан ажил мэргэжил” хэмээн онцолсон.
Сүүлийн үед интернэт орчинд азиудын хийдэг үйлдвэрийн ажлыг америкчууд хийж буйг харуулсан хошин зураг, бичлэг олон нийтэд тархсан. Гэсэн ч Лютник:
“Америкчууд оёдлын машины ард сууж буй зэргийг харуулсан онлайн марзганалаас энэ бол тэс өөр зүйл” гэж нэмэгдүүлэн хэлжээ.