2025 оны 8-р сарын 4, ПАРИС /AFP/ – Полин Ферран-Прево ням гарагт болсон “Тур де Франс Фамм” уралдаанд түрүүлснээр 1989 оноос хойш энэ нэр хүндтэй уралдаанд түрүүлсэн анхны франц эмэгтэй болсон байна.
33 настай Олимпын аварга П.Ферран-Прево нь Нидерландын Деми Воллерингоос гурван минут 42 секунд, өнгөрсөн жилийн аварга Польшийн Катарзина Ниевиадомагаас дөрвөн минут гаруйгаар илүү амжилт үзүүлж, барианд оржээ.
“Ес дэх буюу хамгийн сүүлчийн шат үнэхээр хэцүү байсан. Гэхдээ би энд шар өмсгөлтэйгээр түрүүлэхээр зориг шулуудан ирсэн. Мөрөөдөл маань биеллээ” гэж П.Ферран-Прево уралдааны дараа сэтгэгдлээ хуваалцсан байна.
Сүүлийн долоон жилийн хугацаанд улс дамнасан дугуйн төрөлд анхаарлаа төвлөрүүлж байсан П.Ферран-Прево энэ улиралд засмал замын тэмцээнүүдэд оролцон, дөрөвдүгээр сард Францын хойд хэсэгт болсон “Париж-Рубе” уралдаанд түрүүлж, Бельгийн “Тур де Фландри”-д хоёрдугаар байр, Италийн “Страде Бьянке”-д гуравдугаар байрт шалгарсан юм.
Тэрбээр тавдугаар сард Испанид болсон “Ла Вуэльта Фамм” тэмцээнийг бэлтгэл хангалтгүй хэмээн үзэж, орхиж, удахгүй болох “Тур де Франс” уралдаанд түлхүү анхаарлаа хандуулах шийдвэр гаргасан нь зөв байсан гэдгийг баталж, түрүүлсэн юм.