У.Хүрэлсүх 14 жилийн дараах төрийн айлчлалаар Германд очно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар 2026 оны аравдугаар сарын 19-22-ны өдрүүдэд Герман улсад төрийн айлчлал хийнэ.

Энэ нь Монгол Улсын төрийн тэргүүний ХБНГУ-д 14 жилийн дараа хийх төрийн айлчлал бөгөөд Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах юм.

Хоёр улсын Ерөнхийлөгч стратегийн түншлэлийн дараагийн чиглэлийг хэлэлцэнэ

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийхээр төлөвлөжээ.

Хэлэлцээгээр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх, тэр дундаа худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах асуудлуудыг ярилцах юм.

Мөн айлчлалын хүрээнд “Монгол Улс, ХБНГУ хоорондын Хамтарсан тунхаглал”-ыг байгуулж, хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийг улам бэхжүүлэх тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлохоор төлөвлөсөн байна.

Берлинд “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэн нээгдэнэ

Хоёр улсын төрийн тэргүүн Берлин хотод зохион байгуулагдах “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд хамтран оролцоно.

Түүнчлэн төрийн айлчлалын үеэр Монгол, Германы эдийн засаг, шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагааг хамарсан хэд хэдэн арга хэмжээ болох юм.

Тухайлбал, “Монгол-Германы бизнес форум”, “Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөг”, “Монгол ба монголын дараах үеийн Евроази дахь соёлын солилцоо, байгаль орчин” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана.

Мөн Монголын орчин үеийн утга зохиолын үндэслэгчдийн нэг Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болохоор төлөвлөжээ.

ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 2024 онд Монгол, Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсад төрийн айлчлал хийсэн юм. Тухайн айлчлалаар хоёр улсын нийтлэг үнэт зүйлд тулгуурласан харилцааг ахиулж, “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэсэн билээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу