ҮБХИС түүхт 105 жилийн ойгоороо “Монгол Улсын Баатар” цол хүртлээ

Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Үндэсний батлан хамгаалахын их сургууль байгуулагдсаныхаа 105 жилийн ойгоор төрийн дээд цол болох “Монгол Улсын Баатар” цол хүртжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх тус сургуулийн хамт олонд “Монгол Улсын Баатар” цолны “Алтан таван хошуу” тэмдэг болон Сүхбаатарын одонг хамтатган гардуулсан байна.

Монголын мэргэжлийн боловсролын ууган байгууллагуудын нэг болох Үндэсний батлан хамгаалахын их сургууль 1921 онд жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар байгуулагджээ. Тухайн үед үндэсний цэргийн боловсон хүчнийг эх орондоо бэлтгэх зорилгоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус сургууль өдгөө 105 жилийн түүхтэй болсон байна.

Энэ хугацаанд тус сургуулиас Монгол Улсын батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний олон үеийн дарга, офицер, ахлагч, төр болон цэргийн зүтгэлтнүүд бэлтгэгдэн гарчээ.

Энхийг сахиулахаас кибер аюулгүй байдал хүртэл

ҮБХИС-ийн төгсөгчид Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үйл хэрэгт ажиллахаас гадна олон улсын энхийг сахиулах болон НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж ирсэн түүхтэй.

Өнөөдөр тус их сургууль уламжлалт офицер, ахлагч бэлтгэх үндсэн чиг үүргээ үргэлжлүүлэхийн зэрэгцээ сургалт, судалгааныхаа хүрээг шинэ технологийн салбарууд руу тэлж байна.

Тухайлбал, кибер аюулгүй байдал, хиймэл оюун ухаан, шинжлэх ухаан, технологи, инновац болон нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн чиглэлээр сургалт, судалгаа явуулж, орчин үеийн Зэвсэгт хүчний хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэн бэлтгэхэд анхаарч байгаа аж.

Ийнхүү байгуулагдсаныхаа 105 жилийн ойтой золгож буй Үндэсний батлан хамгаалахын их сургууль төрийн дээд цол хүртэж, сургуулийн үе үеийн төгсөгчид, багш, эрдэмтэн, алба хаагчид, ажилтнууд болон суралцагчдын хувьд түүхэн үйл явдал боллоо.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу