2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр яллагдагч Ц.Санжаачойпэлийн өмгөөлөгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргасан байна. Шүүх уг хүсэлтийг хүлээн авч, хэрэгт авагдсан нотлох баримтууд болон оролцогчдын тайлбар, дүгнэлтэд үндэслэн шийдвэрээ гаргажээ.
2025 оны 9 дүгээр сарын 22-нд болсон хянан хэлэлцэх ажиллагааны үеэр шүүхээс Санжаачойпэлийг цагдан хорих үндэслэл арилсан гэж үзсэн байна. Иймээс мөрдөн шалгах ажиллагааг өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээний хүрээнд үргэлжлүүлэх боломжтой гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Үүний дагуу шүүхийн шийдвэрээр 2025 оны 9 дүгээр сарын 27-ноос эхлэн Ц.Санжаачойпэлийг цагдан хорих арга хэмжээнээс чөлөөлж, түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон байна.
Энэхүү тоймыг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн бичжээ.
Хэргийг сануулахад, Ц.Санжаачойпэл нь Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир болон “Говь” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхантай хамт 2025 оны 7 дугаар сарын 19-ний шөнө Хүүхдийн 100 орчимд иргэн Д.Саяннямбуугийн биед халдсан хэрэгт холбогдоод байгаа юм.