Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр мэдэгдэл хийхдээ ОХУ-ын талд энхийн хэлэлцээг шинээр эхлүүлэх албан ёсны санал тавьснаа зарлалаа. Хэрэв Москва энэ саналыг хүлээн зөвшөөрвөл, Украины Батлан хамгаалахын сайд Рустем Умеровын ахалсан төлөөлөгчид ирэх долоо хоногт Оросын төлөөлөгчидтэй уулзалт хийхэд бэлэн байна гэж тэрээр мэдэгдсэн байна.
Зеленский “дайны галыг зогсоохын тулд бүх боломжийг ашиглах ёстой” гэдгийг онцлоод, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй нүүр тулан уулзах хүсэлтэй байгаагаа мөн илэрхийлжээ.
“Энх тайвныг бодитой баталгаажуулахын тулд дээд удирдлагын түвшинд уулзаж ярилцах шаардлагатай”
— Володимир Зеленский
Агаарын довтолгооны дараа энхийн санал тавив
Украины саналыг нийтэд зарласнаас хэдхэн цагийн өмнө Орос улс Украиныг чиглэсэн томоохон агаарын довтолгоо зохион байгуулсан. Довтолгооны улмаас гурван хүн амиа алдаж, арван бүс нутгийн хэд хэдэн хот хохирол амссан байна.
Украины Агаарын хүчний мэдээлснээр, дайралтад 340 гаруй дроны бөмбөг, 35 ширхэг далавчит болон баллистик пуужин ашиглагдсан бөгөөд ихэнхийг нь амжилттай устгажээ.
АНУ-ын байр суурь
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногийн эхээр Украинд зэвсэг нийлүүлэлтээ үргэлжлүүлэхээ мэдэгдсэн. Мөн тэрбээр Оросын талд хандан “дайныг 50 хоногийн дотор зогсоох” болзол тавьж, үүнийг биелүүлэхгүй тохиолдолд 100 хувийн хоёрдогч эдийн засгийн хориг тавина гэж анхааруулсан байна.
Өмнөх хэлэлцээ үр дүнд хүрээгүй
Сүүлийн хоёр сарын хугацаанд Туркийн Истанбул хотод Украин, Оросын талууд хоёр удаа уулзалт хийсэн ч гал зогсоох талаар тохиролцоонд хүрч чадаагүй. Зургадугаар сард болсон хамгийн сүүлийн уулзалтаар Киев ямар нэг болзолгүйгээр гал зогсоох саналыг тавьсан ч Москва татгалзсан юм. Энэ нь зөвхөн Украин биш, АНУ болон Европын холбоотнуудын дэмжсэн нэгдсэн байр суурь байсан.
Оросын тал эсрэгээрээ эзлэгдсэн бүс нутгаа хадгалах, Барууны зэвсгийн тусламжийг бүрэн зогсоох зэрэг нөхцөл тавьсан. Тухайн үед Зеленский “дараагийн уулзалтыг үр дүнгүй болгохын тулд бүхнийг хийж байна” хэмээн Оросын талын байр суурийг шүүмжилж байв.