Оросын үндэсний агаарын тээвэрлэгч “Аэрофлот” компанийн үйл ажиллагаа Украиныг дэмжигч хакерын бүлгийн кибер халдлагын улмаас ноцтой доголдолд орж, олон арван нислэгээ цуцлахад хүрсэн талаар Даваа гарагт мэдээлжээ.
ОХУ-ын прокурорын ерөнхий газар халдлагын улмаас үүссэн нислэгийн саатлыг хүлээн зөвшөөрч, кибер гэмт хэргийн шинжтэй хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Улсын Думын гишүүн Антон Горелкин “Манай улсын эсрэг дайн бүх фронтоор явагдаж байна. Тэр дундаа дижитал орчинд. Энэ халдлагыг үйлдсэн бүлэг найрсаг бус орнуудтай холбоотой байх магадлал өндөр” хэмээн мэдэгджээ.
Одоогоор Аэрофлот асуудал хэдий хугацаанд үргэлжлэхийг тодорхой мэдээлээгүй байгаа ч 7,000 орчим сервер устгагдсан бөгөөд олон тооны ажилтны компьютер халдлагад өртсөн болохыг “Silent Crow” нэртэй хакерын бүлэг мэдэгдсэн байна. Тэд Беларусь дахь “Cyberpartisans BY” бүлэгтэй хамтран халдлага үйлдсэнээ ил тод хүлээсэн бөгөөд “Украины алдар бадраг! Беларусь мандтугай!” гэсэн уриа бичсэн нь тэдний байр суурийг илтгэж байна.
Хакеруудын мэдэгдлийн дагуу:
- 7,000 орчим сервер эвдэж устгасан
- Ажилтнууд болон ахлах менежерүүдийн компьютер хяналтанд орсон
- Нисч байсан зорчигчдын хувийн мэдээллийг нийтлэхээр сүрдүүлсэн
Аэрофлотын дотоодын 40 гаруй нислэг, мөн Минск, Ереван чиглэлийн олон улсын нислэгүүд цуцлагдсан байна. Тус компанийн систем бүрэн сэргэх хүртэл зорчигчдын тасалбарын мөнгийг буцаан олгох, бусад агаарын тээврийн компанийн нислэгт шилжүүлэх арга хэмжээг авч буйгаа мэдэгдсэн.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Бүх томоохон компаниудын хувьд кибер халдлага бодит аюул хэвээр байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй мэдээлэл маш түгшүүртэй” хэмээн онцолжээ.
“Silent Crow” бүлэг өмнө нь ч мөн ОХУ-ын төрийн харилцаа холбооны байгууллага, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн сан, даатгалын компани болон гадаадын компанийн Орос дахь салбаруудын системд халдаж байсан түүхтэй.
Өрнөдийн хориг арга хэмжээний улмаас нислэгийн тоо нь буурсан ч Аэрофлот 2024 онд нийт 55.3 сая зорчигч тээвэрлэсэн нь дэлхийд эхний 20 компанийн тоонд ороход хүргэсэн байна. Гэвч энэхүү халдлага нь Оросын агаарын тээврийн салбарт сүүлийн жилүүдэд тохиолдсон хамгийн ноцтой саатлын нэг боллоо.