Нийслэлийн зургаан дүүрэгт дугуйн зам барина
Нийслэлийн зургаан дүүрэгт 2026-2028 онд нийт 253 км урт дугуйн зам байгуулахаар төлөвлөсөн бөгөөд ирэх 2026 онд 78.5 км урт замын нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна.
Тодруулбал:
- Сүхбаатар дүүрэгт – 15.17 км
- Чингэлтэй дүүрэгт – 3.6 км
- Баянзүрх дүүрэгт – 28.23 км
- Баянгол дүүрэгт – 18.74 км
- Хан-Уул дүүрэгт – 9.18 км
- Сонгинохайрхан дүүрэгт – 3.6 км урт дугуйн зам барих юм.
“20 минутын хот” үзэл баримтлалд тулгуурласан төлөвлөлт
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт 101.7 км урт дугуйн зам ашиглалтад байгаа бөгөөд энэ тоог 2040 он гэхэд 1677 км хүртэл нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Энэхүү бүтээн байгуулалтыг “20 минутын хот” үзэл баримтлалын хүрээнд хэрэгжүүлж байгаа бөгөөд авто замаас тусдаа, аюулгүй, ногоон байгууламж бүхий орчныг бүрдүүлэхийг зорьж байна.
2025 оны ажлын явц
2025 онд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар нийт 54.2 км урт, 205,414 м² талбай бүхий дугуйн болон явган замын 14 төсөлд хяналт тавин хэрэгжүүлж байгаа юм. Үүнээс 73,410 м² талбайн ажил дуусаж, гүйцэтгэл 41 хувьтай байна.
Мөн “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас энэ онд 11,770 м² талбайд дугуйн болон явган замын ажлыг гүйцэтгэж байна. Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс дугуйн замыг авто болон явган хүний замтай уялдуулан төлөвлөж байгаа ажээ.






