Хаана, хэзээ болох вэ
Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон “Скай резорт” ХХК хамтран “Улаанбаатарын өвлийн наадам 2026”-ыг 1-р сарын 31-нээс 2-р сарын 1 хүртэл “Скай резорт” цанын баазад зохион байгуулахаар боллоо.
14 дэх жилдээ зохион байгуулагдаж буй гол зорилго
Энэхүү арга хэмжээ нь тусгай сонирхлын аялал жуулчлалыг дэмжих, жуулчны улирлыг уртасгах, өвлийн улиралд ирэх жуулчдын тоог өсгөх, мөн иргэдийн амралт, чөлөөт цагийн зөв зохистой хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой. Үүний зэрэгцээ ёс заншил, өв уламжлал, давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлах, өвлийн экстрим спорт болон аяллын төрлийг хөгжүүлэхэд чиглэж байгаа аж.
Наадмын үеэр болох тэмцээнүүд
Наадмын хөтөлбөрт:
- мөсөн сурын харвааны олон улсын аварга
- мөсний шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн
- Улаанбаатар хотын снөүбоард, уулын шүхэр, цасны регби, уулын цана, кёрлингийн аварга шалгаруулах тэмцээнүүд
- мөсөн хананд авиралтын сонирхогчдын болон гэр бүлийн буухиа
- олс таталт
- аялал жуулчлалын салбарын оюутнуудын “Гранд тур” тэмцээн
зэрэг олон төрлийн арга хэмжээг багтаахаар төлөвлөсөн байна.
Үзвэр үйлчилгээ, нэмэлт хөтөлбөр
Зөвхөн тэмцээнээр хязгаарлахгүйгээр шүхэр, монгол банхар, шувуулахуйн үзүүлбэрийг сонирхогчдод зориулан үзүүлэхээс гадна хоол, ундаа, цана, чарганы үйлчилгээ болон урлагийн тоглолт зохион байгуулахаар мэдээллээ.
Оролцогчдын бүрэлдэхүүн өргөн байна
Наадамд нийслэл болон 21 аймгаас 1000 гаруй баг тамирчин оролцох бөгөөд гадаадын монгол туургатнаас 50 гаруй тамирчин бүртгүүлжээ. Тодруулбал БНХАУ-ын ӨМӨЗО, Шинжаан Уйгар, ОХУ-ын Буриад, Халимаг, Тува, Казахстан, АНУ-аас оролцогчид ирэхээр байна.





