УИХ 2026 оны улсын төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа бөгөөд уг өөрчлөлт батлагдсаны дараа нийслэлийн төсөвт мөн тодотгол хийхээр төлөвлөжээ.
Энэ нь 2026 онд нийслэлийн төсөвт хийж буй гурав дахь тодотгол болох бөгөөд гол зорилго нь Улаанбаатар хотод ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийн санхүүжилтийг тусгах явдал гэдгийг нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва мэдээлсэн байна.
Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх шийдвэр гаргаж, шаардлагатай эх үүсвэрийг улсын төсвийн тодотголд тусгаж байгаа тул нийслэлд ажиллаж буй төрийн албан хаагчдын цалинг мөн нэмэгдүүлэх аж.
Нийслэлийн төсвийн суурь орлого, зарлагад өөрчлөлт орохгүй
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва:
“Нийслэлээс маш их мөнгийг улс руу татчихсан гэсэн буруу ойлголт байгаа. Манай суурь орлого, зарлага дээр ямар нэгэн өөрчлөлт гараагүй. 2026 онд Сэлбэ ухаалаг хотод 1.5 их наяд төгрөг зарцуулна гэсэн төлөвлөгөөтэй байна. Тэгвэл энэ жилийн арванхоёрдугаар сарыг дуустал 787 орчим тэрбум төгрөгийг зарцуулах төсөөлөлтэй байна. Цаана нь 758 тэрбум төгрөг үлдэж байгаа. Үүнийг 2027 онд шилжүүлж тавьсан л өөрчлөлт хийсэн.
Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг нэмэх шийдвэр гаргасантай холбоотойгоор Улаанбаатар хотод ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалинг дүйцүүлж олгох төсвийн тодотголыг батлуулна” гэсэн юм.
Төрийн албаны зөвлөлийн сүүлийн үеийн мэдээллээр Монгол Улсын нийт төрийн албан хаагчдын 52.7 хувь нь Улаанбаатар хотод ажилладаг байна.
Иймээс нийслэлийн төсөвт хийх шинэ тодотголоор эдгээр албан хаагчдын цалингийн нэмэгдлийн санхүүжилтийг тусгаж, улсын хэмжээнд хэрэгжих цалингийн өөрчлөлттэй уялдуулахаар төлөвлөжээ.