Дорноговь аймгийн Улаанбадрах сумын бүсэд байрлах “Баруун далай” хүрэн нүүрсний ордыг үндэслэн баригдах 300 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын төсөл хэрэгжсэнээр Төвийн бүсийн нэгдсэн эрчим хүчний сүлжээнд жил бүр 1,460-1,890 сая киловатт-цаг эрчим хүч нийлүүлэх боломжтой болно. Энэ нь Монгол Улсын эрчим хүчний найдвартай байдлыг бэхжүүлэх, гадаадаас импорт хийх хамаарлыг багасгах, тогтвортой эх үүсвэр бүрдүүлэхэд ихээхэн үр дүнтэй хувь нэмэр оруулна.
Түүнчлэн “Улаанбадрах 300МВт цахилгаан станц” төсөлтэй холбоотойгоор Баруун далай ордыг ил уурхайгаар ашиглах төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг бэлтгэж дуусгасан бөгөөд уг баримт бичгийг “Эрдэнэс Монгол” нэгдлийн Техник технологийн зөвлөлийн хурал дээр хэлэлцүүлэн зөвшөөрсөн байна. Цаашид энэ төслийг “Эрдэс баялаг мэргэжлийн зөвлөл”-ийн хурал дээр танилцуулж, ярилцах бэлтгэлийг идэвхтэй хийж байгаа ажээ.
“Улаанбадрах 300МВт цахилгаан станц” төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дуусгасан бөгөөд Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурал дээр хэлэлцүүлэн баталгаажуулсан. Харин төслийн Бүрэн шинжилгээний ажлын явц 65 хувь, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний ажлын гүйцэтгэл 40 хувьтай байна. Мөн гидрогеологийн нарийвчилсан эрэл, судалгаа, дээжлэлтийн ажлыг “Хужирт сэртэн” ХХК гүйцэтгэхээр сонгож, гэрээний хэлэлцээр хийгээд байна.