У.Хүрэлсүх ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдэв: “Нэр төрөө сэргээлгэнэ”

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхдээ албан үүргээ хүлээлгэн өгч, өөртэй нь холбоотой мэдээллийн үнэн зөвийг тогтоолгохоор холбогдох байгууллагад хандахаа мэдэгдлээ.

Тэрээр сүүлийн сар гаруйн хугацаанд нэр хүндэд нь халдсан үйлдлүүд гарч байгаа хэмээн үзэж, Ардчилсан намын бүлгээс тавьсан шаардлагатай санал нийлж байгаагаа илэрхийлсэн байна.

“Үүрэгт ажлаа өгөөд үнэн, худлаа тогтоолгох нь шударга ёсонд нийцнэ”

У.Хүрэлсүх мэдэгдэлдээ:

“Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндийг гутаан доромжилсон үйлдэл хийж байна. Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлдэг хүн. Иймд Ерөнхийлөгчийн нэр хүнд рүү халдана гэдэг нь ард түмний нэр хүндэд халдаж байна гэсэн үг. Ерөнхийлөгчийн нэр хүнд бол гадаад нэр хүндтэй мөн шууд холбоотой.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүн үнэмшихийн аргагүй, онц ноцтой гэмт хэрэгт гүтгэн доромжилж байна. Ингэж болдог юм уу. Би хэсэг чимээгүй явлаа, харлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч юм бүхэнд хариулт өгөөд, сошиал ертөнцөд орж, янз янзын асуудал ярьж, бичээд байх боломжгүй. Ярих юм гэж байна, ярихгүй юм гэж байна. Хариуцлагатай албан тушаал гэдгийг та бүхэн бүгд мэдэж байгаа.

Монгол Улсад хүн засагладаггүй, хууль засагладаг. Хуулийн дор бүгд тэгш эрхтэй.

Өчигдөр Ардчилсан Намын бүлэг хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгч үүрэгт ажлаа өгөөч, үнэн мөнөө тогтоолгох нь зүйтэй гэсэн шаардлага гаргасан байна. Үүнд санал нэг байгаа. Төрийн тэргүүн бол үүрэгт ажлаа өгөөд үнэн, худлаа тогтоолгох нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрхэм үүрэгт ажлаа хүлээлгэн өгнө. Миний нэр хүндийг гутаан доромжилж байгаа энэ этгээдүүдийг холбогдох газарт нь өгч, нэр төрөө сэргээлгэнэ гэдгээ албан ёсоор хэлье” гэв.

2021 онд сонгогчдын 67.69 хувийн дэмжлэг авч байв

У.Хүрэлсүх 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцсон 1,216,246 сонгогчоос 823,326 хүний санал авч ялалт байгуулсан юм. Энэ нь нийт саналын 67.69 хувьтай тэнцэж байжээ.

Тэрээр мөн оны зургаадугаар сарын 25-нд тангараг өргөж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн байна.

Ерөнхийлөгч чөлөөлөгдвөл бүрэн эрхийг хэн хэрэгжүүлэх вэ?

Үндсэн хуулийн гучин долдугаар зүйлд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түр хэрэгжүүлэх зохицуулалтыг дараах байдлаар тусгажээ.

“1.Ерөнхийлөгчийг түр эзгүйд бүрэн эрхийг нь Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлнэ.

2.Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгч шинээр сонгогдож тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна.

3.Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх журмыг хуулиар тогтооно.”

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу