Увс аймгийн Улаангом хотын төвлөрсөн хогийн цэгийн шинэчлэлийн ажил эрчимтэй үргэлжилж, өнөөдрийн байдлаар 85 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Уг төсөл нь байгаль орчны бохирдлыг бууруулах, иргэдийн амьдрах орчныг сайжруулах, хог хаягдлыг илүү зохион байгуулалттайгаар боловсруулах зорилготой юм.
Тус хогийн цэг нь өмнө нь 30 га талбайг хамарсан, 120 мянга гаруй шоо метр хог хаягдал хуримтлагдсан, салхинд хийссэн хог энд тэндгүй тархсан, гал гарах эрсдэлтэй, бохир орчинтой газар байжээ. Энэ байдал нь Улаангомын оршин суугчдын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд ноцтой сөрөг нөлөө үзүүлдэг байв.
Шинэчлэлийн хүрээнд хамгийн эхэнд 6 метр өндөр хамгаалалтын далан барьсан бол 2 метр өндөр торон хашаа угсрах ажил ид үргэлжилж байна. Мөн хог хүлээн авах хэсгүүдийг тусгаарлах зорилгоор нэмэлт далан байгуулсан бөгөөд эдгээр секторуудад хуримтлагдсан хогийг хөрсөөр дарж, талбайг бэлтгэж эхэлжээ. Хог бүртгэлийн автомат програм хангамж суурилуулж, авто пүүг шинэчлэн байрлуулсан бол бүртгэлийн байрны дотоод засвар, тохижилт бүрэн дууссан байна.
Төслийн гол онцлог нь шинэ газарт дахин хогийн цэг байгуулахын оронд одоо байгаа талбайг цэгцлэн, байгальд сөрөг нөлөө багатай хэлбэрээр дахин ашиглах явдал юм. Ингэснээр 10-15 жилийн хог хаягдлыг дараа дараагийн секторуудад шингээж, аажмаар байнгын хог булшлах систем бүхий ландфилын тогтолцоог бүрдүүлэх боломжтой болж байна. Цаашид зөвхөн дахин ашиглах боломжгүй хог хаягдлыг булшлах зорилготой байгаа нь хог хаягдлын менежментийг илүү ухаалаг, байгальд ээлтэй болгох алхам гэж хэлж болно.
Уг төслийг орон нутгийн “Мөнхжим өргөө” компани болон Улаанбаатар хотын “Мэйжүрмент” ХХК хамтран гүйцэтгэж байгаа бөгөөд байгаль орчныг хамгаалсан, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж байна.