Улаангомд малчны хотын ойролцоо ирсэн хүрэн баавгайг шуурхай баг аюулгүй болгожээ

Увс аймгийн Улаангом сумын нутагт малчны хотын ойролцоо хүрэн баавгай үзэгдсэн тухай дуудлагын дагуу шуурхай баг ажиллаж, амьтныг олж тогтоон аюулгүй болгосон байна.

Тодруулбал, аравдугаар сарын 14-ний 17:49 цагийн орчимд Улаангом сумын наймдугаар багийн Буцалдгийн хойд хөдөө гэх газарт малчны хотноос 1-2 км-ийн зайд хүрэн баавгай байгаа талаар иргэд мэдээлжээ.

Тухайн баавгай үхрийн сэг зэм булж, ойр орчимд нь эргэлдэж байсан гэх мэдээлэл өгсөн байна.

Гурван сумын баг хамтран ажиллажээ

Дуудлагын дараа Улаангом сумаас анчин Г.Батбаяр, тус сумын 1, 6, 8, 12 дугаар багийн Засаг дарга нар, аймгийн Цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн, хошууч Ц.Эрдэнэболд, эрүүгийн мөрдөгч, ахмад А.Лхагвадорж нарын бүрэлдэхүүнтэй шуурхай баг газар дээр нь ажилласан байна.

Мөн Улаангом сумын байгаль орчны мэргэжилтэн Б.Цэнгэл, хэвлэл мэдээлэл, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Н.Одбаяр ажиллагаанд оролцжээ.

Үүнээс гадна Давст сумаас Засаг даргын орлогч Ж.Батсүхээр ахлуулсан долоон хүний баг, Сагил сумаас Засаг дарга Г.Чинзоригоор ахлуулсан зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг болон наймдугаар багийн гурван иргэн хамтран ажилласан байна.

Оролцогчид баавгайн байршлыг тогтоож, улмаар аюулгүй болгосноор малчдын хот болон ойр орчмын иргэдэд учирч болзошгүй эрсдэлийг арилгажээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу