Баянзүрхийн 11-р хорооны зам олон жил эрсдэл дагуулжээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11-р хороо 15 мянган орчим оршин суугчтай. Тус хорооны дундуур таван жилийн өмнө автозам тавьсан бөгөөд анхны зураг төсөлд явган зорчигчдод зориулсан гүүрэн гарц байгуулахаар тусгасан байжээ. Гэвч уг байгууламж тухайн үед хийгдээгүй байна.
Үүний улмаас явган хүний гарцаар зорчих үедээ авто осолд өртсөн иргэдийн тоо 20 гаруйд хүрч, олон хүн эрүүл мэндээрээ хохирсон байна. Хамгийн сүүлд 2025 оны дөрөвдүгээр сард 12 настай хүү гарцаар гарч байхдаа автомашинд мөргүүлж, тархи болон нуруундаа гэмтэл авчээ.
Осол гарснаас хойш 10 хоногийн дараа тухайн байршилд нийслэлийн Замын хөгжлийн газраас хурд сааруулагч байрлуулсан бөгөөд үүний дараа аюулгүй байдал тодорхой хэмжээнд сайжирсан гэж үзэж байгаа аж.
Гэрлэн дохионы ажил 8 сарын дараа хэрэгжжээ
Тус хорооны иргэдийн хувьд осол аваар их гардаг дөрвөн байршил олон жил тулгамдсан асуудал байсаар ирсэн. Эдгээр хэсэгт 1.2 тэрбум төгрөгөөр гэрлэн дохио суурилуулах амлалт өгөгдсөн ч ажил бодитоор хэрэгжих хүртэл найман сар зарцуулсан байна.
Цаашид уг автозамын гурван байршилд явган зорчигчдод зориулсан гүүрэн гарц барихаар төлөвлөжээ. Эдгээр байгууламжийн нийт төсөв 5.7 тэрбум төгрөг байх аж.
Металл хийцтэй 3 гүүрэн гарц барина
Улиастай-Налайхын чиглэлийн замд баригдах гурван гүүрэн гарц нь нийт 5.7 тэрбум төгрөгийн өртөгтэй байна. Төслийн хүрээнд явган зорчигчид болон тэргэнцэртэй иргэд зорчих боломжтой налуу зам бүхий металл хийцийн гарцууд байгуулахаар төлөвлөжээ.
Энэ талаар Замын хөгжлийн газрын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ хэлэхдээ:
“Гүүрэн гарцуудыг металл хийцтэйгээр барьж, хоёр талдаа явган зорчигч болон тэргэнцэртэй иргэд зорчих боломжтой налуу замтай байхаар төлөвлөсөн. Төслийн гүйцэтгэгчээр “Чанар хийц” ХХК болон “Доич Роуд” компанийн түншлэл шалгарч, гэрээ байгуулах шатандаа явж байна.
Эдгээр гурван байршил нь осол, аваар их гардаг хэсгүүд бөгөөд гүүрэн гарцууд ашиглалтад орсноор явган зорчигчид авто замтай огтлолцохгүйгээр аюулгүй зорчих нөхцөл бүрдэнэ” гэв. Налайх-Чойрын уулзвар хүртэлх автозамд осол их гардаг 3 байршилд гүүрэн гарц барих ажил гэрээний шатандаа байна” гэлээ.
Гүүрэн гарц барих 3 байршил
Гүүрэн гарцуудыг осол аваар их гардаг дараах гурван хэсэгт байгуулахаар төлөвлөсөн байна.
- Эхний гүүрэн гарцыг Баянзүрхийн товчооны автобусны буудлын баруун талд, “Петровис” шатахуун түгээх станцын зүүн талд барина.
- Хоёр дахь гүүрэн гарцыг Налайхын зам дагуух МТ шатахуун түгээх станцын автобусны буудал орчимд байгуулна.
- Гурав дахь гүүрэн гарцыг “Ургах Наран” супермаркетын замын хойд талд барихаар төлөвлөжээ.