Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу БНСУ-ын иргэд 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл 90 хүртэл хоногийн хугацаатай жуулчлалын зорилгоор визгүй зорчих боломжтой болсон. Гэхдээ уг хөнгөлөлт нь зөвхөн аялал жуулчлалын зорилгоор хамаарах бөгөөд бусад үйл ажиллагаа, тухайлбал хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, оношилгоо хийх зэрэг нь хуулиар хориглогддог.
Гэвч сүүлийн үед БНСУ-ын зарим иргэд уг визийн хөнгөлөлтийн нөхцлийг зөрчиж, Монгол Улсад ирээд төлбөртэй эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, бусад төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа зөрчил илэрчээ. Тухайлбал, 2025 оны эхний таван сарын хугацаанд БНСУ-ын 80 иргэн ийм төрлийн зөрчилд холбогдож, тэдгээрийн 15 нь албадан гаргагдсан байна.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1.7-д зааснаар гадаадын иргэн зорилгынхоо хүрээнээс өөр үйл ажиллагаа эрхэлсэн, зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд Монгол Улсаас албадан гаргах хууль ёсны үндэслэл болдог.
Гадаадын иргэн, мөн тэднийг уригч иргэн болон аж ахуйн нэгжүүд аяллын визийг зориулалтын дагуу ашиглахыг онцгойлон анхааруулж байна. Хэрэв гадаадын иргэн жуулчлалаас өөр зорилгоор Монголд ирэх бол тэр зорилгодоо тохирсон визийг авах шаардлагатай бөгөөд хөдөлмөр эрхлэх тохиолдолд холбогдох байгууллагаас зөвшөөрөл аван, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах ёстой.
Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах бол Эрүүл мэндийн яамнаас олгодог тусгай зөвшөөрлийг заавал авах ёстой бөгөөд үүнийг зөрчсөн тохиолдолд хууль хяналтын байгууллагаас хариуцлага тооцно гэдгийг Гадаадын Иргэн Харьяатын Газар сэрэмжлүүлж байна.