Шинэ эвслийн тохиролцоо
Японы эрх баригч Либерал Ардчилсан нам (ЛАН) парламент дахь цөөнхийн суудалтай Ниппон Ишин (Японы Инновацын нам)-тай эвслийн Засгийн газар байгуулахаар тохиролцоонд хүрчээ. Энэхүү шинэ эвсэл байгуулагдсанаар ЛАН-ын дарга Санае Такаичи тус улсын түүхэнд анхны эмэгтэй Ерөнхий сайд болох нөхцөл бүрдэж байна.
Түнш намын дарга Хирофүми Ёшимуратай эвслийн гэрээнд гарын үсэг зурах үеэр Такаичи “Японы эдийн засгийг хүчирхэгжүүлж, ирээдүй хойч үеийн өмнө хариуцлага хүлээдэг улс болгон өөрчлөхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байна” гэж мэдэгджээ.
Улс төрийн шинэ үеийн босгон дээр
ЛАН-ын даргын сонгуульд Такаичи тэргүүлснээр Ерөнхий сайд Шигэрү Ишибагийн огцролтын дараах улс төрийн тодорхойгүй байдалд шинэ алхам эхэллээ. Гэвч 26 жилийн турш хамт байсан Комэйто нам эвслээс гарсан нь ЛАН-ыг парламентад олонх байраа алдах эрсдэлд оруулсан юм.
Комэйто нам Такаичигийн хатуу аюулгүй байдлын бодлого болон улс төрийн санхүүжилттэй холбоотой дуулианыг шүүмжилж, энэ нь сүүлийн нэг жилийн хугацаанд намын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн билээ.
Одоогийн байдлаар шинэ эвсэл нийт 231 суудалтай болж байгаа ч парламентын доод танхимд олонх болохын тулд хоёр суудал дутаж байна. Гэсэн ч Такаичи “олонхын дэмжлэгийг авах итгэлтэй” гэж мэдэгджээ.
Гадаад бодлого, хатуу байр суурь
Шинэ Ерөнхий сайдыг чухал гадаад харилцааны үйл явдлууд хүлээж байна. Хэдхэн хоногийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Японд хоёр өдрийн айлчлал хийх бөгөөд Такаичи энэ сарын сүүлээр АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор төлөвлөжээ.
Санае Такаичи нь Японы улс төрийн хүрээнд хатуу консерватив үзэл бодлоороо танигдсан нэгэн. Тэр ижил хүйстнүүдийн гэрлэлтийг эсэргүүцдэг, Японы хаан ширээнд эмэгтэй хүн залахыг дэмждэггүй бөгөөд Шинзо Абэ агсны үзэл санааг үргэлжлүүлэгч гэж тооцогддог.
Такаичи Японы энх тайванч Үндсэн хуулийг өөрчлөх, батлан хамгаалах чадавхаа нэмэгдүүлэх, мөн цагаачлалын бодлогыг чангатгах байр суурь баримталдаг. Тэрээр хөрш орнуудын дургүйцлийг төрүүлдэг Ясүкүни сүмийн байнгын зочин гэдгээрээ ч алдартай.
Японд ийм өөрчлөлт гарч байгаа нь үнэхээр баярлууштай