Японд “уурших” (япон хэлээр jouhatsu) хэмээх нэр томьёо олон нийтэд түгээмэл ойлгогддог бөгөөд энэ нь нийгмийн хэт их дарамт, шүүмжлэлээс зугтахын тулд хүн бүрэн дуугүйгээр, ул мөргүй алга болохыг хэлдэг. Уг үзэгдэл нь ядуурал, өрөнд орох, ажлын байраа алдах, гэр бүлийн хямрал, эсвэл зүгээр л нийгмийн ёс суртахууны шаардлагыг хангаж чадахгүй байгаагаасаа болж гаргасан сонголт байдаг аж.
Судалгаагаар тус улсад жил бүр 80,000–100,000 орчим хүн “ууршдаг” бөгөөд тэдний олонх нь энэ алхмыг урьдчилан бодож, төлөвлөсөн байдаг. Ингэж амьдралаа шинээр эхлэхийг хүсэгчдэд зориулсан үйлчилгээ эрхэлдэг тусгай компаниуд ч Японд үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр компаниуд “уурших”-ыг хүссэн хүмүүст тусалж, тэднийг бусдаас нуугдах боломжтой “хоргодох хот” хэмээх орчин руу нүүлгэн, амьдралаа нууцаар эхлүүлэхэд тусалдаг байна.
Эдгээр “хоргодох” бүсүүд нь ихэвчлэн ядуу иргэд төвлөрөн амьдардаг, оршин суугчид нь бие биенийхээ хувийн нууцыг хүндэтгэдэг, танихгүй хүний хэн болохыг сонирхдоггүй газрууд байдаг. Энэ орчин “ууршигчдад” өнгөрсөн амьдралаа ардаа орхин, нийгмийн дарамтгүйгээр шинэ амьдрал эхлүүлэх боломжоор хангадаг.
Хууль зүйн талаас нь авч үзвэл, Япон улсад насанд хүрсэн хүн хаана амьдрах, хэнтэй харилцах эсэх нь бүрэн хувийн хэрэг учраас “уурших” нь хуулиар хориглодоггүй. Гэхдээ хэрэв тухайн хүн гэмт хэрэг үйлдсэн, эсвэл сэжигтэн байвал хууль сахиулах байгууллагууд түүнийг олох үүрэгтэй хэвээр байдаг.
Сэтгэл зүйчид болон судлаачдын үзэж буйгаар, энэ үзэгдэл нь Японы нийгмийн ёс суртахуун, нэр хүндийг дээдлэх хандлагын гүнзгий дарамт, амжилтад хүрээгүй хүмүүсийн өөрийгөө хүлээн зөвшөөрч чадахгүй байдал зэргээс үүдэлтэй гүн гүнзгий асуудлыг илтгэдэг байна. “Уурших” нь нэг талаас нэр хүндээ хамгаалах, ичгүүрээс зугтах, нөгөө талаас амьдралаа шинээр эхлэх хүсэл юм.
Хэдийгээр олон нийт энэ үзэгдлийг ойлгодог ч, нийгмийн хамгааллын бодлогын сул тал, сэтгэлзүйн дэмжлэг дутагдалтай байгааг илтгэж байгаа гэж мэргэжилтнүүд үздэг. Үүнийг өөрчлөхгүй бол Японы нийгэм дэх “ууршигчдын” тоо буурахгүй байх магадлалтай байна.
Хөөх, жил бүр маш олон хүмүүс алга болдог